Thursday, January 31, 2008

Гадаа бороо ороод уйтгартай байна
Гавалд бодол шуураад гунигтай байна
Хүсэл байхад хясал хаагаад
Хайр ирэхэд хагацал дагуулаад
Хүний амьдрал тэр чигтээ
Хөлчүү юм шиг манантай байна
Сайхан залуучууд сэтгэлд үерлэвч
Саатан зогсох нь үгүй байна
Тоотой хэдэн дурлал ирсэн ч
Тосоод авсан нь алга л байна
Салхинд навчис хийсээд гунигтай байна
Сэтгэлд гуниг хургаад уйтай байна
Наран мандсан ч илч нь алга
Найдвар байсан ч дөл нь үгүй
Найз байсан ч сэтгэл байхгүй
Намайг байсан ч чи минь алга
Амьдрал тэр чигтээ надад арзгар байна
Алаад хаячихмаар арчаагүй байна БИ
Дуу дуулаад ч хөг нь алга
Дурлалд тэмүүлээд ч эзэн нь алга
Зүүд ирсэн ч өнгөгүй байна
Зүрх догдолсон ч хуурамч байна
Ирээдүйгээ харахнээ харанхуй байна
Итгэл өвөрлөсөн ч худлаа байна
Зорилго байв ч зоос нь үгүй
Зам байв ч гарц нь олдохгүй
Замбараагүй байна энэ амьдрал
Залхаж үхмээр уйтай байна аа

Wednesday, January 30, 2008

Өөрийгөө хараалтай
Өрөөл бусдыг цүхэлтэй
Өнөөдөр яачихсан жигтэй өдөр бэ?
Хамаг бүхэнд уурлалтай
Хаашаа ч хамаагүй явалтай
Өнөөдөр яачихсан хачин өдөр вэ?
Урдахаа харахгүй уйхчаатай
Уушиг зүрх савалгаатай
Өнөөдөр яачихсан уршигтай өдөр вэ?
Тархи толгой минь эргээтэй
Танил бүхэндээ халгаатай
Өнөөдөр яачихсан тарчлаантай өдөр вэ?
Галзуурахнээ яг галзуурах нь
Гадаа гэртгүй төвчигнөөд л
Өнөөдөр яачихсан гайтай өдөр вэ?
Сав л хийвэл уурлаад л
Сав суулгаа чулуудаад л
Өнөөдөр яачихсан савалгаатай өдөр вэ?
Нойр хүрэхгүй тарчлаагаад л
Ном дэвтэрээ урчихалтай
Өнөөдөр яачихсан нойрхой өдөр вэ?
Би ердөө тэвчишгүйнээ
Бие минь надад захирагдахгүйнээ
Бүхэлдээ яачихсан бүрхэг өдөр вэ ӨНӨӨДӨР!!!!!

Tuesday, January 29, 2008

Зовлого минь чи намайг зовоохоо болиоч
Зооглоё гэсэн болгоныг чинь зооглож
Зоргоор чинь чамайг зөндөө л байлгалаа
Бие минь чи намайг билүүдэхээ болиоч
Битүүхэн хүссэн хүслийг чинь гүйцэлдүүлж
Байгаа бүхнээ чамд л зориуллаа
Хүсэл минь чи намайг хүзүүдэхээ болиоч
Хүний хүүд сэтгэлээ өгчихөөд
Хүлээхийн зовлонг зөндөө л эдэллээ
Дур минь чи намайг дарамтлахаа болиоч
Дурлалын баланд согттол чинь умбуулж
Дураар чинь чамайг зөндөө л байлгалаа
Зүрх минь чи намайг зүгээр байлгаач
Зөндөө олон дурлалд хөтлүүлж
Зөнгөөр чинь би удаан байлгалаа
Одоо боллоо бие сэтгэл дур тачаал минь
Орон гэртээ тайван байж үз
Олон тийшээ үсчиж савчилгүй
Орондоо ороод тайван нойрсооч
Зуур ч болтугай завсарлага аваач
Зөөлөн хөнжилдөө амгалан нойрсооч!!!

Monday, January 28, 2008

Хүнийх болсон чамайгаа өөрийн болгох гэж зүтгэхгүй
Ханаталаа уйлж хацараа би тэвтээнэ
Хайртайгаа хэлж сэтгэлээ би амраана
Холоос ч болтугай харж нүдээн би баясгана
Хойлоог чинь хааяа сонсож чихээн би баясгана
Эргээд наддаа ирээч гэж эрхэлж би гуйхгүй ээ
Эхнээсээ чи минь ямар минийх байсан ч биш дээ
Угтах жилүүдийг хамтдаа туулья гэж шаналгахгүй ээ
Уугаасаа чи минь ямар минийх болчих ч биш дээ
Сайхан амьдралыг чинь түйвээж
Саналаа гэж шалчигнахгүй ээ
Сайхан дүрийг чинь харин зүрхэндээ чандлан нууя даа
Намайг хайрлах эрчүүд бүхний тоогоор
Надад дурлах зүрх бүхний цохилтоор
Нартад чамдаа хайртай байснаа дурсана аа

Sunday, January 27, 2008

Чинийхээ дэргэдээс явмааргүй
Чимээгүй дахин шаналмааргүй
Чимээ чагнан хүлээмээргүй
Чиглэж алсыг зоримооргүй байна аа
Хатуурхаж чамайгаа гомдоомооргүй
Халуун зүрхэндээ шаналмааргүй
Халуун энгэрт чинь тэврүүлээд л
Хаашаа ч би явмааргүй байна аа
Яг л энэ чигээрээ
Янагийн хөнжилдөө хөлөрч
Ягаахан урууланд чинь шунан
Яасан ч чамаасаа салмааргүй байна аа
Мөнхөд энэ хэвээрээ
Мөрийг чинь түшин эрхэлж
Мэлмий юуг чинь ширтэн
Мөрөөдлийн хөлөгнөөсөө буумааргүй байна аа
Өнөд чамаасаа холдмооргүй
Өнчин дэрэн дээр уйлмааргүй
Өөрт чинь л хайраа илчлээд
Өөр хаашаа ч явмааргүй байна аа
Би чамаасаа явмааргүй
Битүүхэн зүрхэндээ шаналмааргүй
Биенээ санаж бэтгэрмээргүй байна аа

Thursday, January 17, 2008

Дурлахгүй байя гэж хичнээн хичээгээд
Дурлаад л байгаа зүрхээ би яалтай
Хайрлахгүй гэж хичнээн бодоод ч
Хайрлаад л байгаа сэтгэлээ би яалтай
Дурлана аа би яадгийн дурлана
Дундуур сэтгэлээ дүүртэл дурлана
Эзэнтэй байсан ч хамаагүй дурлана
Энэхэн биеээ элтэл дурлана
Хайрлана аа би яадгийн хайрлана
Хүнийх байсан ч хамаагүй хайрлана
Хайрын мянган шувуухайг
Халирч зугттал нь хайрлана
Дурлалын хүчит салхи нь чи байг
Дуртайяa хийсэх навчис нь би болоё
Ассан гал шиг дурлал чи байг
Аз жаргалтайгаар дүрэлзэх очис нь би болоё
Дуулим хорвоогийн дуусашгүй дурлал чи байг
Дайрвал ч дайр намайг, би бэлэн байна аа...

Friday, January 11, 2008

Би нээрээ Хэнхэглэчих юмаа
Хэн ч тоохгуй хэдэн юм биччихээд
Хэнхдэг цээжээ дэлдээд л...
Би нээрээ Хошигорчих юмаа
Худал магтаалд хүүхэд шиг баярлаад
Хөөрч онгирч сагсуураад л...
Би нээрээ Тэнэгтчих юмаа
Тэрэнтэй ч энэнтэй ч үг сөргөөн
Тэс хөндлөн зөрөөд л...
Би нээрээ сайхан Залахийнмаа
Зүс үзээгүй найзуудаа
Зөндөө удаан уулзсангүй саналаа гээд л...
Би нээрээ Галзуурчих юм аа
Ганц ч дуу мэдэхгүй хэрнээ
Гадаа гэртгүй гэнгэнээд л...
Би нээрээ Солиорчих юмаа
Сархад ганцаараа ууж согтоод
Салхинд хүслээ шивнэж гүйгээд л...
Би нээрээ Шогтчих юмаа
Шал танихгүй хүнтэй чатлаж
Шалиг яриа өдөөгөөд л...
Би нээрээ... би нээрээ...
Нэт гэдэг энэ ертөнц
Нээрээ намайг хэн болгочихвоо
Онгироо сагсуу, ойворгон тэнэг
Галзуу солиотой, гаж донтой
Мэдэхгүй мэдэхгүй би нээрээ....

Tuesday, January 8, 2008

Сар жилүүдийг тоолон байж
Сайхан чамтайгаа учирья юу л гэлээ
Санасан бүхнээ уудлан байж
Сэтгэлээ нээж ярилцая юу л гэлээ
Өнгөрсөн бүхнийг наргиа болгож
Өгүүлж чамтайгаа хуучилая уу л гэлээ
Өнчин сэтгэлээ тайтгаруулан байж
Өвчүү юуг чинь түшие юу л гэлээ
Эргэн ирэх он жилүүдийг
Энхрий чамтайгаа туулая юу л гэлээ
Энгэр цээжийг чинь түшин байж
Эрхэлж чамдаа тунирхая юу л гэлээ
Бодол сэтгэлээ уудлан байж
Борхон зүрхийг чинь чагная уу л гэлээ
Бүлээн биенд чинь уусан нялхарч
Бүтэн нойртой хоноё уу л гэлээ
Зоргоор хүслээ хорин байж
Зөн совинг чинь таая уу л гэлээ
Зөндөө их хүлээлгэлээ дээ гэмээн
Зөрж туниж нялхамсая уу л гэлээ
Алдрай багахан насны минь
Атгахан зүрхний эзэн минь ээ
Адармаатай хатуу хорвоогийн
Амсаж үзээгүй сархад минь ээ
Шунаж уугаад хөлчүүрмээр байна аа
Шумбаж уусаад шингэмээр байна аа
Чамаар дагнаж согтмоор байна аа
Чанадын алсад одмоор байна аа

Sunday, January 6, 2008

Чи чимээгүй ирээд чимээгүй буцдаг
Чихэнд минь хайрын шүлэг шивнэчихээд явчихдаг
Би харин эргэж ч харж чаддаггүй
Билгүүн дүрийг чинь зүүдэндээ л төсөөлдөг
Янагийн үгсийг чихэнд минь шивнэж
Ялдам энхрийхнээр араас минь тэвэрчихээд
Яагаад ч юм чи зүгээр л явчихдаг
Бүсгүй сэтгэл бүлээн зүрхээ чагнан
Би чамайг дахиад л хүлээдэг
Сэм сэмхэн алхаж ирээд араас минь чи тэвэрдэг
Сэтгэлийн учиг алдуурч би шүүрс алддаг
Борхон зүрхнийхээ цовхчоонтой зэрэгцэн
Бодлын алсад би чамруу зорчдог
Гэнэ гэнэхэн над дээр чи чимээгүй буудаг
Гэгэлгэн дуу сэтгэлд минь аялчихаад буцдаг
Гэнэхэн насны хүслээ хөглөж
Гэргий чинь болохсон гэж би тэмүүлдэг
Үе үехэн над дээр чи чимээгүй айлчилдаг
Үйлийн үртэй зүрхэнд минь учирал зөгнөөд оддог
Үелзсэн их бодлийн минь учиг нь байгаасай гэж
Үймэрсэн сэтгэлээ аргадан чамайг би хүлээдэг
Дараа дахин зочилохдоо чимээтэйхэн ирээрэй чи минь
Дагаад би чинийхээ гэрэлт ертөнцөд аялмаар байна аа

Thursday, January 3, 2008

Харийн нутагт мөрөөдөл хуртэл утгагүй
Халуун зүрхний цохилт хүртэл түгшүүртэй
Хүний нутагт бодол хүртэл замбараагүй
Ганган хэтэвч, гар цайлгах зоосны өмнө
Гантиг цагаан бие үнэгүйдэж
Гал халуун дурлал сохорч
Гадны оронд хүн бүхэн
Галзуу юм шиг эрээгээ алдаж
Ганц шөнийн галзуурлын өмнө
Гайхамшигт хайр сэтгэл хүчгүйдэж
Хүний нутагт хагацал хүртэл жаргал юмшиг
Хайр хүртэл зовлон юмшиг, хамаг зүйл эсэргээрээ
Харийн нутагт бүх юм харийн
Хайрлан дурласан залуу хүртэл хүнийх
Хүний нутагт хүсэл хүртэл хүйтэн
Хүүхэн хонгор бие минь хүртэл хүнийхшиг
Энд минийх гэх юу ч алга, намайг гэх хэн ч алгаа
Эрсэн зүгтээ сурсан дуугаа дуулаад
Эргэж харалгүй арилж үзье эндээс
Зүрх минь дахиад энд
Зүггүй дурлал шивнэхээс эмээж байна
Зүгээр л би нутагтаа буцая
Зүрх сэтгэлдээ хайраа өмчлөе