Tuesday, February 19, 2008

би чамруу очиж явна

Хүсэлд чинь согтож хайраа илчлэх гэж
Хүнийх гэдгийг чинь мэдэрч зүрхээ зүсэх гэж
Тэнэглэлд чинь бялуурч гунигаа мартах гэж
Тэвэрт чинь багтаж сэтгэлээ нээх гэж
Тиймээ би чамруу очиж явна
Үнсэлтэнд чинь мансуурч үйлээ эдлэх гэж
Үгүйлэлд чинь хоногшиж чихээ хангинуулах гэж
Гараас чинь хөтөлж ганцаардлаа гээх гэж
Галзууртал янаглаж цангаагаа тайлах гэж
Гал халуун хайр ч мөс болдгийг мэдрэх гэж
Ганцхан чамруу би очиж явна аа
Эрээгүй аашинд чинь инээмсэглэлээ гээх гэж
Энгэрээ задгайлж эм хүн гэдгээ мэдрэх гэж
Нулимсаа асгаруулж нууцаа дэлгэх гэж
Нэг олдох амьдралдаа харуусал нэгийг нэмэх гэж
Хорьж болохгүй биеийнхээ хүслийг хангах гэж
Холоос би чамруу очиж явна, очиж явна аа би очиж явна
Урд шөнийн янаглалын чинь ул мөрийг баллах гэж
Ухаангүй хийсэн үйлдлийн чинь учиг зангилааг тайлах гэж
Холоос чамдаа очиж явна аа
Хоосорсон ч гэсэн сэтгэлээ нээ
Хүнийх ч гэсэн зүрхээ догдлуул
Хорвоогийн амьдрал тэр чигтээ
Хуурамч гэдгийг хамтдаа мэдрэе

Monday, February 18, 2008

Тэнэгхэн минь дээ

Тэнэгхэн минь дээ
Тэрлэгэн доторх нууцхан минь дээ
Балчирхан минь дээ
Байж ядсан тачаалхан минь дээ
Учиралхан минь дээ
Уужин доторх уянгахан минь дээ
Дүүмэдхэн минь дээ
Дэврүүн сэтгэлийн тосхон минь дээ
Өөдөсхөн минь дээ
Өөдгүй зангийн минь боолхон минь дээ
Яая даа би чамайг яая
Янаг сэтгэлийн ялхан минь дээ

Sunday, February 17, 2008

зүүдэллээ

Үүрээр би чамтайгаа уулзаж зүүдэллээ
Үлгэрийн юм шиг мөрөөдөлд умбаж зүүдэллээ
Үдшээр чинийхээ хөнжилд үнэгчилж зүүдэллээ
Үнэн худлын эрэлд төөрч бэдэрч зүүдэллээ
Сайхан чинийхээ үнсэлтэнд бялуурч зүүдэллээ
Сайрхаж хэлсэн үгэнд чинь мансуурч зүүдэллээ
Салахын аргагүй харцанд чинь ээрэгдэн зүүдэллээ
Сайн яваасай хэмээн залбиран зүүдэллээ
Янагхан чинийхээ энгэрт хөлөрч зүүдэллээ
Ямархан их санаснаа тоочиж зүүдэллээ
Духан дээрээ үнсүүлээд уярч зүүдэллээ
Дуу алдам янаглалд чинь умбаж зүүдэллээ
Эрээ цээргүй аашинд чинь эрхлэн зүүдэллээ
Эхнэртэй байх бий дээ хэмээн эмзэглэн зүүдэллээ
Хараад ханшгүй биенд чинь шумбан зүүдэллээ
Хаяаад явчих бий дээ хэмээн харамлан зүүдэллээ
Гоо бие ээ дэлгэн гайхуулан зүүдэллээ
Ганцааранг минь орхиод удсанд туниж зүүдэллээ
Зүүдэллээ би зүүдэллээ зүүдний гэгээхэн ханхүү минь ээ
Зуурдын биш үүрдийн учирлыг зөгнөж, наддаа хурдан ирдээ



Saturday, February 16, 2008

сархад чи

Ууна аа би сайхан ууна
Урдах ардахаа бүгдийг мартана
Улаан зээрд болтолоо ууна яадгийн
Хөлчүүрнэ ээ би сайхан хөлчүүрнэ
Хүний өөрийнгүй бүгдийг мартана
Хөвчин дэлхийг хөмрүүлнэ яадгийн
Тасрана аа би зад тасрана
Таних танихгүй бүгдийг мартана
Тамтгаа алдталаа тасрана яадгийн
Өнөөдөр ганцхан миний мэдэлд
Өнчин сэтгэл минь чиний мэдэлд
Өөдгүй сархад чи харин маргааш
Өрөөнөөс минь зайлсан байгаарай

Friday, February 15, 2008

Яг одоо би

Яг одоо би ганцаардал
Ялтай юм шиг гансрал
Мөнгөний боол
Мөрөөдлийн хүлээс
Мөнхийн тэнэглэл
Адгийн завхайрал
Ангайсан залхуурал
Хөгийн худалч
Хөрөнгөний шунал

Wednesday, February 6, 2008

За тэр оногдсон байнд

Дурлаач залуу минь надад дурлаач
Дуу алдтал чанга тэврээч
Гитарын мөнгөн утсан дээгүүр гүйх
Ган шиг гартаа чанга атгаач
Яг л ингээд мянган жилдээ
Яагаад ч салахгүйгээр гагнагдчихая хоёулаа
Хайрлаач залуу минь намайг хайрлаач
Хат суусан гартаа атгаач
Халуу дүүгэсэн энгэртээ тэврээч
Мөнхийн мөнхөд энэ л хэвээрээ
Мөрөөдлөө гүйцээж хамтдаа амьдрая

Tuesday, February 5, 2008

Халхын сайхан залуу чиний
Хайр чинь байх юмсан даа
Хайраар гэрэлтсэн харцны чинь
Халил нь би болохсон
Ухаалаг сайхан залуу чиний
Уруул чинь байх юмсан даа
Учирал зөгнөсөн харцны чинь
Учиг нь би болохсон
Монгол сайхан залуу чиний
Мутар чинь болох юмсан даа
Мөрөөдлөөр дүүрэн харцны чинь
Мөнхийн халил болохсон доо
Зөн билгийн залуу минь дээ
Зөрүүд зүрхээ тушаая даа чамд
Зүг зүгрүү савчсан зүрхийг минь
Зүглүүлж чиглүүлээд өгөөч дээ ... гуйя

Sunday, February 3, 2008

тоглоом

Саяхан даа саяхан би
Салаа гэзэгтэй охин байсансан
Саравчтай малгай духдуулж тавьчихаад
Саваагүйтэж хөвгүүдийг өддөг байсансан
Сахилгагүй нь хэтэрлээ гэж багшдаа загинуулаад
Самбарын өмнө зогсдог байсансан
Арван жил өнгөрсөн гэхэд
Аанай л тэр зан минь хэвээрэй
Аальгүйтэж хэдэн мөр хэлхээд
Айлын харчуулд чулуудаад л
Айхтар хатуу амьдралын тоглоомоор
Алдахаа мэдэхгүй тоглосоор л байх юм
Дахиад арван жил өнгөрсөн ч
Дэггүй энэ л тоглоомоороо
Дэргэдэх эрчүүдээ зүгээр байлгахгүй
Дэмийрч бас тоглосоор л байх вий дээ
Дэнслэх зүрх минь тоглоомоо дуусгаач дээ
Дүрлэгэр нүд минь байгаа онооч дээ

Saturday, February 2, 2008

БИ

Галзуу би гайтай галзуу
Гал дөл шиг улаан галзуу
Аальгүй би аймаар аальгүй
Аргаа бармаар хэтэрхий аальгүй
Сониучхаан би нилээн сониуч
Сольж холихгүй л бол овоохон сониуч
Мэдэмхий би улаан мэдэмхий
Мөчөөгөө өгөхгүй муйхар мэдэмхий
Мөрөөдөмтгий би мөнхийн мөрөөдөгч
Миний чинийгүй бүгдийг мөрөөдөгч
Гутрамтгай би хааяа гутрамтгай
Гуринхалж үхмээр хэт гутрамтгай
Ховдог би сайхан ховдог
Хоншоороо ч идчихмээр хөөрхөн ховдог
Зөрүүдээ би хачин зөрүүд
Зүгээр л хаячихмаар тэнэг зөрүүд
Эрхээ би танхилхан эрх
Ээжийнхээ мөөмийг санадаг эрх
Уярамтгай би учиргүй уярамтгай
Уйланхайгаа мэдэхгүй учиргүй уян
Шудрага аа би гайгүй шудрага
Шуналд идүүлчихгүй бол хэрэндээ л шудрага
Дурламтгай би хачин их дурламтгай
Хаягдахаа мэдэхгүй хаширахгүй дурламтгай
Халуухаан би гал халуухан
Хайртынхаа цусыг буцалгам халуухан