Friday, September 12, 2008

*****

Орь залуу нас, оргилуун хүсэл мөрөөдлийг минь чи
хаа гээчихээд ирэв
Оломгүй их хайр, онгон танхил сэтгэлийг минь чи
хаах нь нуучихаад ирэв
Энэ бүхэнгүйгээрэй чамтай байх утгагүй байна аа
Эргээд буц даа хэнэггүйхэн, хайнга залуу минь дээ

Thursday, September 11, 2008

Үнсээч янаг минь чи, намайгаа үнсээч

Үнсээч янаг минь чи, намайгаа үнсээч
Үүр шөнийн зүүдийг минь эзэгнэн
Үлгэр эхлүүлж, намайг жаргааж үнсээч
Чиний минь ялдамхан уруул духан дээр минь бүжихэд
Тэр чигтээ би уярахуйн оронд тэнүүчилдэг
Хонгор чиний минь уруул хацар дээр минь аянчилахад
Хамаг биеэрээн бие хайрлахуйн харгуйд жингүйддэг
Ялдам чиний минь уруул, уруултай минь бүжихэд
Яг энэ л хэвээрэй янагийн шугуйд шургачдаг
Хайртай чиний минь үнсэлт хүзүү юуг минь гижигдэхэд
Халуу шатсан биенд чинь хамаг биеээрээ уусдагаа би
Амтлаг энэ л үнсэлтүүдийн агшин бүрийг мэдрэхээр
Атгахан бие минь тэгэхэд л амирлахуйн оронд зорчдогоо
Эхний удаа хийгээд сүүлчийн удаа байх нь хамаагүй
Энэгүй сайхан үнсэлтэнд чинь ганцхан л удаа мансуурьяа
Үнсээч янаг минь чи, намайгаа үнсээч
Үүр шөнийн зүүдийг минь эзэгнэн
Үлгэр эхлүүлж, намайг жаргааж үнсээч

Wednesday, September 10, 2008

Галзуу галзуу Галзуу галзуу

Галзуу эмгэн над дээр ирсэн
Гартаа барьсан жүнзнээс нь
Галзуу юм шиг залгилсан

Галзуу залуу над дээр ирсэн
Гартаа барьсан сарнайг нь аваад
Галзуу юм шиг би түүнд дурласан

Галзуу хүүхэн над дээр ирсэн
Гарт нь харин чинжаал байсан
Галзуу юм шиг би түүнээс зугтсан

Галзуу хүүхэд над дээр ирсэн
Гар нь тэр чигтэй цустай байсан
Галзуу юм шиг би ганцаар чанга инээсэн

Галзуу галзуу галзуу галзуу
Галзуурахад надад яг ганц бадаг дутаад байна

Monday, September 8, 2008

********

Яагаад чи намайг ягаахан сарнайгаар дүрсэлсэн юм бол
Яагаад би чамайг янаг халуунаар хайрласан юм бол
Яагаад одоо энэ бүхэн ямар ч утгагүй санагдана вэ

Хэзээ чи намайг хэнзхэн сарнайтай зүүрлэлээ дээ
Хэзээ би чамайг хээрийн салхи шиг энхрийллээ дээ
Хэзээ энэ бүхэн хэрхэн яаж дуусах бол

Thursday, August 28, 2008

******

Гудамжны бүдэг гэрэлд бодол тээн алхахдаа
Галзуу юм шиг дурлалд минь ганцаардал буйг мэдэрлээ
Ийм ойрхон хэрнээ тийм алсын сэтгэлийг
Эмзэг ариухан хайр минь чи яаж ч ойлгох билээ
Ганцхан алхмын цаана миний амьдрал бий
Гараас минь чи хөтөлсөн ч хөл минь тэнд бэдэрч буй
Сэтгэл минь чамд татагдсан ч итгэл минь тэнд төөрч
Сэвгүй ариухан хайрыг хаанаас ч олохгүйгээ мэдэрлээ

Tuesday, August 26, 2008

****

Хүсэл сэтгэлийн хүлээсэнд баригдан
Хүмүүний тавилангаас өөрийгөө зугтаалгасан
Хөөрхийлөлтэй ч амьтан бол доо би
Атгахан биений жаргалд ташуурч
Амьдралын эргүүлэгт хөл алдсан
Арчаагүй ч амьтан бол доо би
Ай амьдрал минь ээ чи надад
Өөрөө өөрийгөө ялан дийлэх
Өчүүхэн ч болов хүч хайрлаач
Тэнэгхэн бодлуудыг минь таягдан хаяах
Тэрслүүд ганцхан бадаг хайрлаач

Sunday, August 17, 2008

****

Энгэртээ ганцхан удаа чангаас чанга тэвэр
Энэ л өдрүүдийн бэлэг болж үлдэг
Эргээд ганцхан удаа инээмсэглээд нэг харчихаарай
Эргэх цаг хугацааны дурсамж болж үлдэг ээ
Уруул дээр минь ганц л удаа үнсчих
Учирлаж хэлэх үгийн минь хариулт тэр болог
Духан дээр минь ганц л удаа үнэрлэчих
Дурлаж явсны минь гэрч болон үлдэг
Гараас минь чангаас чанга атга
Галзуу дурлалдаа ингээд цэг тавьчихая.