Чи миний
Тал биений минь эзэн
Танхил насны минь амраг
Зүүдэнд минь гэрэлтсэн од
Зүрхэнд минь бадамласан оч
Чи миний
Үнгэгдсэн уруулын минь эзэн
Үнэнч сэтгэлийн минь ханхүү
Уугаад халуурдаг дарс
Учраад ч ханахгүй жаргал
Чи миний
Жамаараа л учирсан амраг
Жиндэхдээ нөмөрсөн хөнжил
Хараад ханамгүй амраг
Халууцахдаа залгилсан рашаан
Чи миний
Хаяж одсон харуусал
Хагацахдаа мэгшсэн мэгшил
Даарахдаа нөмөрлөсөн нөмөр
Даврахдаа хөөсөн бачуурал
Чи миний
Хайрлахдаа дурссан дурсамж
Харамлахдаа хардсан хайлан
Хазайхдаа түшсэн энгэр
Хайлж урссан зүрх
Чи миний
Ганцаардахдаа олсон гарц
Галзуурахдаа хашигарсан авиа
Гомдохдоо энэлсэн бачуурал
Голт зүрхний минь судас
Чи миний
Хүлээсэн сэтгэлийн минь хясал
Хүүхэн биений минь хүсэл
Хүмүүн заяаны гаслан
Хүрч чадахгүй оргил
Чи миний
Санасан сэтгэлийн минь сүү
Санааширч бодсон бодол
Салам нүдэлцмээр дайсан
Салж одмоор саваагүйтэл
Чи миний
Аргадаж гуйсан гуйлт
Аргаа барсан галзуурал
Амраг сэтгэлийн минь ад
Алдхан биений минь эзэн
Чи миний
Энэ л амьдралын минь утга учир
Энэлэхдээ дурссан гуниг зовлон
Энгэртээ хатаасан нулимас
Эргэж олдохгүй баяр баясал
1 comment:
ЭНэ үнэхээр чиний амраг байна
Post a Comment