Thursday, August 28, 2008

******

Гудамжны бүдэг гэрэлд бодол тээн алхахдаа
Галзуу юм шиг дурлалд минь ганцаардал буйг мэдэрлээ
Ийм ойрхон хэрнээ тийм алсын сэтгэлийг
Эмзэг ариухан хайр минь чи яаж ч ойлгох билээ
Ганцхан алхмын цаана миний амьдрал бий
Гараас минь чи хөтөлсөн ч хөл минь тэнд бэдэрч буй
Сэтгэл минь чамд татагдсан ч итгэл минь тэнд төөрч
Сэвгүй ариухан хайрыг хаанаас ч олохгүйгээ мэдэрлээ

Tuesday, August 26, 2008

****

Хүсэл сэтгэлийн хүлээсэнд баригдан
Хүмүүний тавилангаас өөрийгөө зугтаалгасан
Хөөрхийлөлтэй ч амьтан бол доо би
Атгахан биений жаргалд ташуурч
Амьдралын эргүүлэгт хөл алдсан
Арчаагүй ч амьтан бол доо би
Ай амьдрал минь ээ чи надад
Өөрөө өөрийгөө ялан дийлэх
Өчүүхэн ч болов хүч хайрлаач
Тэнэгхэн бодлуудыг минь таягдан хаяах
Тэрслүүд ганцхан бадаг хайрлаач

Sunday, August 17, 2008

****

Энгэртээ ганцхан удаа чангаас чанга тэвэр
Энэ л өдрүүдийн бэлэг болж үлдэг
Эргээд ганцхан удаа инээмсэглээд нэг харчихаарай
Эргэх цаг хугацааны дурсамж болж үлдэг ээ
Уруул дээр минь ганц л удаа үнсчих
Учирлаж хэлэх үгийн минь хариулт тэр болог
Духан дээр минь ганц л удаа үнэрлэчих
Дурлаж явсны минь гэрч болон үлдэг
Гараас минь чангаас чанга атга
Галзуу дурлалдаа ингээд цэг тавьчихая.

Saturday, August 16, 2008

чамдаа очмоор байна

Чамдаа би дурлахгүй байхын аргагүй
Чанга тэврэхэд чинь уярахгүй байж чадахгүй
Өөрийг тань би хайрлахгүй байхын аргагүй
Өр зүрхэндээ дуулахгүй байж чадахгүй нь
Сайхан чамайгаа санахгүй байхын аргагүй
Саруулхан дүрийг чинь зүүдлэхгүй байж чадахгүй
Хонгорхон чамайгаа харамлахгүй байхын аргагүй
Холын холоос ч тэмүүлэхгүй байж чадахгүй нь
Эгэлхэн чамтайгаа ярихгүй байхын аргагүй
Эр хонгор дуунд чинь уяраад эрхлэхгүй байж чадахгүй нь
Алдрайхан чамдаа очихгүй байхын аргагүй
Алдхан биеээ чамд зориулахгүй байж чадахгүй нь
Бурхан минь дээ би чамдаа ингэж ихээр дурласан болохоор
Булбарай үрийн чинь зулайг үнэрлүүлэхгүй байж чадахгүй
Энэрэлгүй энэхэн хорвоогийн хатуу бүхнийг сөрөөд
Эжий болохоор яаран чамдаа одоохон очмоор байна ааааа


Найз Батсайханыхаа бяцхан хүү Азжаргалыг хараад муухай атаархдаг гэжийн ш дээ. Нялх хүүхэд гоё шүү. Үнэр нь янзтай ямарч тансаг сүрчгээс илүү дээ. Хүүтэй болно оо удахгүй хүүтэй болно Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэж хэ хэ.