Thursday, December 11, 2008

Хяслант шөнө

Өрөөнд анир чимээгүй
Өөдөөс минь хэн ч ширтэхгүй
Өөрөө өөртэйгөө ярилцан суух
Өөрөөс минь өөр хэн ч үгүй
Тасалгаанд таг харанхуй
Танил дуугаар хэн ч аргадахгүй
Тархи толгойтоогоо өрсөлдөн тэмцэх
Таагүй сэрлээс өөр зовлонгүй
Хөнжилд хөв хүйтэн
Халуун цээжиндээ хэн ч тэврэхгүй
Хамаг биеээ хураан хэвтэх
Хүмүүн биенээс өөр ханьгүй
Сэтгэл алсын алсад
Сэрэл мэдрэмж дээд цэгт
Шунал тачаал гал халуун
Шуламын хяслант Шөнө чи дахиад л ...

Monday, December 8, 2008

Зүгээр л

Тэнд хэн ч алга
Тэсгэм хүйтэн
Тэгсэн ч би тийшээ л явмаар
Тэгээд мөс шиг хөлдмөөр
Энд бүгд байна
Энхрийлэл халамж
Ээх нар
Гэсэн ч би энд тогтож сууж чадахгүй нь
Эргээд алхмаар
Эргэж хармааргүй
Энд бас юу ч алга
Гэхдээ би
Ингээд л суугаад баймаар
Ихэр татан уйлмаар
Ичихээ мэдэхгүй инээмээр
Ингээд л ингээд л..... яг л ингээд
Энд би ч бас алга...
Хайгаад хэрэггүй ээ
Хайлан одсоон
Үгүйлэх хэрэггүй
Үнэнд шингэсэн...
Үгүй ээ !
Зүгээр л
Байгаа байхгүй хоёрын завсарт
Байгаа олохгүй будилж төөрсөн...

Sunday, December 7, 2008

Ингэхэд би ер нь хэн юм бэ

Зүлгэн дээр гэрээ бариагүй ч
Зүгээр л мөрөөрөө амьдарч явахад
Зүггүй дурлал чи намайг юунд
Зүүгээр шивэх шиг ингэж тарчилгана вэ
Чиний зааснаар дурлалд тэмүүлж
Чихэр шиг үгийг бялууртал хүртчихээд
Чимхийн төдий ч баясал амссангүй
Чи ингэхэд хэн юм бэ
Ингэхэд би ер нь хэн юм бэ
Ирээч гэсэн дурлалаа үүднээсээ буцаачихаад
Итгэл сэтгэлийг нь мөнгөөр хэмжчихээд
Эрээгүй аашилж, эдэнд шуналтсан
Ингэхэд нээрээ би хэн бэ
Дурлаач гэж өөрөө гуйчихаад
Дуу хүртэл зориулж дуулчихаад
Дундуурхан байна гэж сэтгэлээ зэмлээд
Дураараан аашлаж, өнгөнд шунасан
Ингэхэд нээрээ би хэн бэ
Хайрлаач гэж өөрөөн гуйчихаад
Хаалгаан дэлгэхэд чинь дайрч орчихоод
Хамаг бүхнийг чинь уудалж онгиччихоод
Хаяаад явахдаа харуусал тээгээгүй
Ингэхэд би нээрээ хэн гээч вэ

Friday, November 21, 2008

Дурлалд хөлчүүрсэн зүрхийг минь
Дураараан та нар сийчэцгээ
Дараа нь харин эдгээхэд
Дэндүү оройтсон байх вий
Хайранд халуурсан сэтгэлийг минь
Ханатлаа та нар элдэвлэ
Харин дараа нь харамсахад чинь
Хэтэрхий оройтсон байх вий
Шоол... элдэвлэ... сийч...
Согтуу энэхэн биеийг минь
Солиортлоо дараа нь дурлахад чинь
Шуламын бүжиг бүжинэ би
Галзууртлаа надад дурлахад чинь
Ганцхан л үг хэлнэ би
Хожимджээ...

Thursday, November 20, 2008

Хайртай гэдэг үгийг чи надад мянган удаа хэлсэн
Харин хайрлаж чадаагүй
Хайргүй гэдэг үгийг би чамд зуун удаа хэлсэн
Харин дараа нь хайрласан
Эсрэг тэсрэгийн хуулиар ингэж чи бидэн учирсан
Эцэст нь харин таталцлын хууль
Энэхэн биесэд минь үйлчилэхээ больсон
Хайртай гэж би өөртөө мянгантаа шивнэсэн
Халуун сэтгэл минь тэгээд мөс болон хөлдсөн
Хайртай... хайргүй ... хувирч одсон, улирч одсон
Хүний амьдрал аа гэж!!!???
Галзууртлаа чамд дурласны
Гавьяа нь энэ байна
Гараа нааш нь
Үхтлээ чамд дурласны
Үлдэгдэл нь энэ байна
Үнэнд сөгд
Энэ бол чиний
Эхлэл болоод төгсгөл
Энэ бол миний
Төгсгөл болоод эхлэл
Би хайрлахыг хүссэн
Бүх л сэтгэлээрээ үнэнч байж чамайг хүлээсэн
Би итгэхийг хүссэн
Бүлээн зүрхээ шатаан байж чамайг харуулдсан
Би учрахыг хүссэн
Бүрэг зангаа хорин байж чамд тэмүүлсэн
Би чамаас бүгдийг хүссэн
Эцэст нь харин юу ч үгүй
Итгэл ч үгүй
Сэтгэл ч үгүй
Зүрх ч үгүй....
Ийм нэгэн сүг болсон

Monday, November 17, 2008

Дракулатай юу яадаг юм даа

Шөнө дунд шүлэг нойронд минь
Хүйт дааж айдас дагуулсан
Хүсэл бадрааж сэрэл өдөөсөн
Аймшиг дагуулж арьс барзайлгасан
Алдарт өнөө Дракула
Хөнжилд минь шургаж
Хүзүүнээс минь хөл хүртэл
Хүйтэн үнсэлтээр намайг сэрээлээ
Айсан хэдий ч чамайг алдмааргүй
Хүйтэн хэдий ч хөнжлөө нөмөрмөөргүй
Ар нуруугаар минь тас тэврээд
Аймшигт илдээрээ хичнээн бүлсэн ч
Айгаагүй ээ би ердөө ч айгаагүй
Ахиад ахиад гэж хашигчмаар санагдсан
Аймшгийн тэр ертөнц рүү чинь
Араас чинь дагаад явмаар санагдсан
Хүйтэн амьсгалаар хичнээн төөнөсөн ч
Хүслийн гал минь унтраагүй ээ
Хүний энэхэн ертөнцөөс тэгэхэд л
Хүүрээ аваад зайлмаар санагдсан (lol)

Sunday, November 9, 2008

****

Би зүгээр л явчихмаар байна энэ ертөнцөөс...
Бие чинь хүнийх болж,
Сэтгэл чинь намрын навчис шиг гандахаас урьтаж
Би зүгээр л явчихмаар байна энэ л орчлонгоос...
Санаа чинь алсад одож,
Хайр чинь ганцхан зуны цэцэг адил хагдрахаас өмнө
Би зүгээр л ... зүгээр л...
Ийм өчүүхэн бодолтойгоо бодохоор
Эрлэг там руу өөрийгөө элгээчихмээр байна ...

Wednesday, November 5, 2008

Өөртөө

Дэнж гоёсон эрхэмсэглэлд чинь би
Дэндүү ихээр татагдаад байна
Дагаад чамтай явчихаж болдоггүй
Даанчиг хатуу тавилангаа яалтай
Сохор зоосны ч үнэд хүрэхгүй
Солиотой энэ сэтгэлээ яалтай...
Гурван жил хүлээж чадсан юм
Гуравхан хоног тэсэх л хэрэгтэй!!!

Saturday, October 25, 2008

Өнөөдөртөө уусаж шингэмээр байна

Би
Ертөнцийн харанхуйгаас тасарч
Ер бусын алсад одмоор байна
Ёрын муухай бодлуудаасаа салж
Ёроолгүй гүнд шумбамаар байна
Өнөө мараашийн тухай
Өчүүхэн бодлуудаасаа салаад
Өнө мөнхөд мартагдаад
Өнөөдөртөө уусаж шингэмээр байна

Tuesday, September 23, 2008

*******

Намайг зүгээр л байхгүй гээд бодчих
Навчинд ч юм уу цэцгэнд ч юм уу шингэсэн гээд бодчих
Энэ хорвоод огт ирээгүй гээд бодчих
Эрхлэж туниж байсан тэр төрх минь зүгээр л зураг байсан гээд бодчих
Намайг энд огтхон ч байгаагүй ээ гээд л бодчих

******

Хэн ч биш гэж бодож байсан тэр залуугийн зүүдэнд би айлчилж
Хэтэрхий их санаж байна гэж зүрхний үгээ илгээж
Хачин их хайртайдаа гэж бодож байсан тэр залуугаас харин сураг алга
Хамаг л зүрх сэтгэлээ түүнд харамгүй зориулан харуулдсан ч
Хормын төдийд миний тухай бодлоо гэсэн зурвас ч алга аа

Monday, September 15, 2008

бид учирах л болно ооо

Бороо асгарана, бодол хөврөнө
Дусал дуслаар асгарах энэ л бороон дуслууд
Дугираг сартай ханисан миний сэтгэлээр наадна
Халгин шаагин орох энэ л бороон дуслууд
Харьд удсан сэтгэлийн минь хат чанарыг шалгана
Уйлахгүйдээ би яасан ч уйлахгүй
Усан бороо чамтай ханисаж би уйлахгүй
Уйт шөнийн дараа өглөө болж л таараа
Урсах борооны дараа наран мандах л болно
Учирах тавилан байвал бид учирах л болно ооо

Sunday, September 14, 2008

Тэнэглэлд минь хэмжээ хязгаар бий гэж үү

Тэнэглэлд минь хэмжээ хязгаар бий гэж үү
Тэвэрт чинь намайг багтаах зай бийсэн билүү
Санан догдлох сэтгэлд минь саад хориг бийсэн билүү
Сайхан чиний минь сэтгэлд харин....
Больё доо больё ингээд л больчихоё
Бодол сэтгэлээ чилээхээ больё
Цаг үргэлж бодохоо ч больчихоё
Цамцны чинь үнэрийг сэтгэлээсээ арччихая
Уулзана даа гэж мөрөөдөхөө ч больчихоё
Уруулын чинь хээг биенээсээ арччихая
Догдлон байж хүлээхээ ч больчихоё
Дүр төрхийг чинь зүүдэндээ булшилчихая

Saturday, September 13, 2008

Би угаасаа гэртээ байна аа

Амьдралын сайхан, муухай
Аль алиныг нь хийж үзлээ
Аль нь ч надад аз жаргал,
Алдаа оноог өгч чадсангүй ээ
Аймаар байна би өөрөө өөрөөсөө
Шунаг тачаал, галзуу янаглалд минь
Татагдсан бол намайг уучлаа
Тэр чинь цаг зуурынх байлаа
Шудрага үг, хэцүү аашинд минь
Гомдсон бол намайг өршөө
Энэ чинь харин бодит амьдрал байлаа
Чамд харин сонголт бий
Гэртээ харь даа залуу минь
Надад харин харамсал алга аа
Би угаасаа гэртээ байна аа

Friday, September 12, 2008

*****

Орь залуу нас, оргилуун хүсэл мөрөөдлийг минь чи
хаа гээчихээд ирэв
Оломгүй их хайр, онгон танхил сэтгэлийг минь чи
хаах нь нуучихаад ирэв
Энэ бүхэнгүйгээрэй чамтай байх утгагүй байна аа
Эргээд буц даа хэнэггүйхэн, хайнга залуу минь дээ

Thursday, September 11, 2008

Үнсээч янаг минь чи, намайгаа үнсээч

Үнсээч янаг минь чи, намайгаа үнсээч
Үүр шөнийн зүүдийг минь эзэгнэн
Үлгэр эхлүүлж, намайг жаргааж үнсээч
Чиний минь ялдамхан уруул духан дээр минь бүжихэд
Тэр чигтээ би уярахуйн оронд тэнүүчилдэг
Хонгор чиний минь уруул хацар дээр минь аянчилахад
Хамаг биеэрээн бие хайрлахуйн харгуйд жингүйддэг
Ялдам чиний минь уруул, уруултай минь бүжихэд
Яг энэ л хэвээрэй янагийн шугуйд шургачдаг
Хайртай чиний минь үнсэлт хүзүү юуг минь гижигдэхэд
Халуу шатсан биенд чинь хамаг биеээрээ уусдагаа би
Амтлаг энэ л үнсэлтүүдийн агшин бүрийг мэдрэхээр
Атгахан бие минь тэгэхэд л амирлахуйн оронд зорчдогоо
Эхний удаа хийгээд сүүлчийн удаа байх нь хамаагүй
Энэгүй сайхан үнсэлтэнд чинь ганцхан л удаа мансуурьяа
Үнсээч янаг минь чи, намайгаа үнсээч
Үүр шөнийн зүүдийг минь эзэгнэн
Үлгэр эхлүүлж, намайг жаргааж үнсээч

Wednesday, September 10, 2008

Галзуу галзуу Галзуу галзуу

Галзуу эмгэн над дээр ирсэн
Гартаа барьсан жүнзнээс нь
Галзуу юм шиг залгилсан

Галзуу залуу над дээр ирсэн
Гартаа барьсан сарнайг нь аваад
Галзуу юм шиг би түүнд дурласан

Галзуу хүүхэн над дээр ирсэн
Гарт нь харин чинжаал байсан
Галзуу юм шиг би түүнээс зугтсан

Галзуу хүүхэд над дээр ирсэн
Гар нь тэр чигтэй цустай байсан
Галзуу юм шиг би ганцаар чанга инээсэн

Галзуу галзуу галзуу галзуу
Галзуурахад надад яг ганц бадаг дутаад байна

Monday, September 8, 2008

********

Яагаад чи намайг ягаахан сарнайгаар дүрсэлсэн юм бол
Яагаад би чамайг янаг халуунаар хайрласан юм бол
Яагаад одоо энэ бүхэн ямар ч утгагүй санагдана вэ

Хэзээ чи намайг хэнзхэн сарнайтай зүүрлэлээ дээ
Хэзээ би чамайг хээрийн салхи шиг энхрийллээ дээ
Хэзээ энэ бүхэн хэрхэн яаж дуусах бол

Thursday, August 28, 2008

******

Гудамжны бүдэг гэрэлд бодол тээн алхахдаа
Галзуу юм шиг дурлалд минь ганцаардал буйг мэдэрлээ
Ийм ойрхон хэрнээ тийм алсын сэтгэлийг
Эмзэг ариухан хайр минь чи яаж ч ойлгох билээ
Ганцхан алхмын цаана миний амьдрал бий
Гараас минь чи хөтөлсөн ч хөл минь тэнд бэдэрч буй
Сэтгэл минь чамд татагдсан ч итгэл минь тэнд төөрч
Сэвгүй ариухан хайрыг хаанаас ч олохгүйгээ мэдэрлээ

Tuesday, August 26, 2008

****

Хүсэл сэтгэлийн хүлээсэнд баригдан
Хүмүүний тавилангаас өөрийгөө зугтаалгасан
Хөөрхийлөлтэй ч амьтан бол доо би
Атгахан биений жаргалд ташуурч
Амьдралын эргүүлэгт хөл алдсан
Арчаагүй ч амьтан бол доо би
Ай амьдрал минь ээ чи надад
Өөрөө өөрийгөө ялан дийлэх
Өчүүхэн ч болов хүч хайрлаач
Тэнэгхэн бодлуудыг минь таягдан хаяах
Тэрслүүд ганцхан бадаг хайрлаач

Sunday, August 17, 2008

****

Энгэртээ ганцхан удаа чангаас чанга тэвэр
Энэ л өдрүүдийн бэлэг болж үлдэг
Эргээд ганцхан удаа инээмсэглээд нэг харчихаарай
Эргэх цаг хугацааны дурсамж болж үлдэг ээ
Уруул дээр минь ганц л удаа үнсчих
Учирлаж хэлэх үгийн минь хариулт тэр болог
Духан дээр минь ганц л удаа үнэрлэчих
Дурлаж явсны минь гэрч болон үлдэг
Гараас минь чангаас чанга атга
Галзуу дурлалдаа ингээд цэг тавьчихая.

Saturday, August 16, 2008

чамдаа очмоор байна

Чамдаа би дурлахгүй байхын аргагүй
Чанга тэврэхэд чинь уярахгүй байж чадахгүй
Өөрийг тань би хайрлахгүй байхын аргагүй
Өр зүрхэндээ дуулахгүй байж чадахгүй нь
Сайхан чамайгаа санахгүй байхын аргагүй
Саруулхан дүрийг чинь зүүдлэхгүй байж чадахгүй
Хонгорхон чамайгаа харамлахгүй байхын аргагүй
Холын холоос ч тэмүүлэхгүй байж чадахгүй нь
Эгэлхэн чамтайгаа ярихгүй байхын аргагүй
Эр хонгор дуунд чинь уяраад эрхлэхгүй байж чадахгүй нь
Алдрайхан чамдаа очихгүй байхын аргагүй
Алдхан биеээ чамд зориулахгүй байж чадахгүй нь
Бурхан минь дээ би чамдаа ингэж ихээр дурласан болохоор
Булбарай үрийн чинь зулайг үнэрлүүлэхгүй байж чадахгүй
Энэрэлгүй энэхэн хорвоогийн хатуу бүхнийг сөрөөд
Эжий болохоор яаран чамдаа одоохон очмоор байна ааааа


Найз Батсайханыхаа бяцхан хүү Азжаргалыг хараад муухай атаархдаг гэжийн ш дээ. Нялх хүүхэд гоё шүү. Үнэр нь янзтай ямарч тансаг сүрчгээс илүү дээ. Хүүтэй болно оо удахгүй хүүтэй болно Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэж хэ хэ.

Wednesday, July 23, 2008

***********

Цэв цэнхэр тэнгэр
Цав цагаахан цаас
Оргүй хоосон бодлууд
Орчлонгийн нөгөө хязгаар
Үүнийг л би яасан их хүснэм бэ

Хав халуухан сэтгэл
Хагацал үзэхгүй хайр
Ялдам энхрий харц
Янагийн дулаан энгэр
Түүнд би яасан их тэмүүлнэм бэ

Tuesday, July 22, 2008

мөдхөн чамдаа очино оо би

Одоохон, одоохон чамдаа очмоор байна
Орь залуу нас минь нисэн одохоос нь өмнө
Ооч сахалтай өвгөн болчихоос тань өмнө
Оройгүй их хайр тань оргүй болохоос нь өмнө
Одоохон, одоохон чамдаа очмоор байна аа

Удахгүй, удахгүй чамдаа очмоор байна
Уйтгарт нэг хэвийн амьдралдаа цэг тавиад
Урдах гунигаа өнөөдөртөө булшилчихаад
Уйт шөнийн ганцаардлыг сэтгэлээсээ арччихаад
Удахгүй, удахгүй чамдаа очмоор байна аа

Хурдхан, хурдхан чамдаа очмоор байна
Халамж шингэсэн хайранд тань эрхэлж
Халуу дүүгсэн энгэрт тань тэврүүлж
Ханийн тэнгэртээ заяандаа нялхарч
Хурдхан, хурдхан чамдаа очмоор байна аа

Мөдхөн, мөдхөн чамдаа очино
Намайг гэсэн халуухан сэтгэлийг чинь амрааж
Нандин эрхэмсэг хайраа ганцхан чамдаа л өгөхөөр
Мөдхөн, мөдхөн чамдаа очино оо би

Thursday, July 10, 2008

***********

Зүгээр л ингээд мартчих байсан юм бол
Зүрх сэтгэлийг минь юунд хөндөв
Хаашдаа л хамтдаа амьдрахгүй байсан юм бол
Хайрын тоглоомыг юунд эхлүүлээв

Буруу бүхнийг чамд тохоод ч
Буцаад чи надад ирэхгүй
Зөв бухнийг өөрөөсөө хайгаад ч
Зөрж зүтгээд чамтай учирахгүй

Алаг хорвоогийн аашийг дагаж
Ахиад л би аянд мордох уу
Амрагхан чамдаа итгэлээ өгөөд
Атгахан зүрхээ тогтоон барих уу

Wednesday, July 9, 2008

Гэвч

Би ууртай байна
Би уйлж байна
Би би тэйгээ зөрчилдөөд
Битүүхэндээ шаналгаатай байна
Би ааштай байна
Би айж байна
Бодол бодолтойгоо харшилдаад
Боож үхмээр хэцүүхэн байна

Гэвч

Би инээж байна
Би ихэмсэг байна
Өнгө мөнгөний хорвоод
Өөрөө өөрөөсөө ч нуугдаж байна
Би ярзайж байна
Би ярвагар байна
Янзын энэ хорвоогийн
Ямба аяыг тааруулж байна

Tuesday, July 8, 2008

Уучил даа хайрт минь

Уучил даа хайрт минь намайгаа уучил
Удаан хүлээлгэж байгааг минь уучил
Уруул давсан үг болгоноороо
Урам зоригийг чинь мохоож байдагт уучил
Хэрүүлийн алим байнга шидэлж
Хэнхдэг цээжийг чинь цохиж байдагт уучил
Амьдрал гэдэг сэлүүргүй завинаас унахгүйн тулд
Аашаан барж явааг минь уучил
Хүүхэн хонгор сэтгэлийнхээ гүнд
Хүсэлд ташуурч явааг минь уучил
Эр сайхан зоригийг чинь мохоож
Эрээгүй зан гаргадагт минь уучил
Тэнэгхэн бодолдоо өөрийгөө зөвтгөж
Тэвчээрээ барж явааг минь уучил
Хамаг бурууг чамдаа тохчихоод
Хайраан нууж явааг минь ч уучил
Бардам зангийнхаа хүлээсэнд баригдаад
Бал шиг үгээр дутааж явааг минь уучил
Үнэндээ энэ бүхний эцэст
Үнэнч бус явсан бол харин бүү уучил аа

Thursday, May 29, 2008

Хурдхан би эндээс явмаар байна

Чи энд хэзээ ч байгаагүй юм шиг
Чимээ чагнан хүлээдэгээ больчихож
Орчны нам гүмд би хэтэрхий дасчихаж
Орхиод одсон тэр өдрийг чинь ч мартчихаж
Сэвгүй ариухнаар дурлаж байгаагүй юм шиг
Сэтгэл минь хов хоосон болчихож
Сэмээрхэн ороод ирэх вий дээ гэж
Сэтгэлээ хууран харуулддагаа больчихож
Өмнө нь хэзээ ч дурлаж байгаагүй юм шиг
Өөр хүнд би хачин их дурлачихаж
Өөгүй сайхан эр байсангүй ээ гээд
Өөрөө түүнийг бас дараа нь хаячихаж
Юм бүхэн хувирч өөрчлөгдөх ёстой юм шиг
Ердөөсөө би дурлаж байгаагүй юм шиг
Болох л юм болоод өнгөрсөн юм шиг
Борхон зүрх минь ч догдлохоо больчихож
Амьдрал тэр чигтээ хуурамч юм шиг
Атгахан зүрх минь тэр чигтээ ад юм шиг
Ахиад л би дурлалын эрэлд гарчихаж
Яамаар ч юм дээ энэ амьдралыг
Ял үүрч, зэм хүртсэн юм шиг
Ялгаагүй л хүний сайхан үрс байхад
Яагаад бүгд чамтай адилхан байх ёстой гэж
Өөрөө өөрийгөө би өнөөдрийнх шиг үзэн ядаж байсангүй
Хуурамч сэтгэл, хувирамтгай зүрхээ аваад
Хурдхан би эндээс явмаар байна x гэж.....

Saturday, May 24, 2008

Би чамайгаа мартахгүй ээ

Ингээд л чи явчихлаа итгэл тээгээд би үлдлээ
Үнэнч бус байсны минь шийтгэл болгож
Үнэндээ надад чамайг бурхан илгээсэн биз
Үнсэлтээ чи урууланд минь халуун янагаар мэдрүүлчихээд
Үнэрээ чи биенд минь хаа сайгүй цацчихаад
Үгүйлэх сэтгэлийн минь хойморт ханхар зай үлдээчихээд
Үүрээ орхиод одох шиг чи надаас явчихлаа
Дэрлээд унтдаг ханхар цээжнийхээ оронд дэр тавьчихаад
Дэлгээд угтдаг халуухан тэврэлтээ сэтгэлд минь сэдрэлчихээд
Янаглалаа чи хацарт минь ягаахан тамгаар тамгалчихаад
Ялдам инээмсэглэлээ ой тоонд минь сануулчихаад
Явчихлаа чи минь холын хол явчихлаа
Яаж ч болохгүй сэтгэлээ, нулимасаа тэвчээд би үлдлээ
Би чинийх, чи минийх болохгүй
Бидэн хоёрын амьдралын зам огтлолцохгүй
Хэн хэндээ өгсөн хайрын амлалт огтхон ч байхгүй
Хэтэрхий ариухнаар дассандаа гомдол надад байхгүй ээ
Хавар намрын хайрууд хайлан дурсах мөчдөө
Халуун янаг үнсэлтийг чинь хамтдаа юм шиг төсөөлчихье
Санан санан дурсаж сэтгэл гэгэлзэх үедээ
Сонихон ялдам үнэрийг чинь сэтгэлээ нээгээд үнэрлэчихье
Зүүд зэрэглээ шиг амьдралын минь
Зуурдын гэнэхэн учирал минь дээ
Зүрхний минь гүнд үүрлэсэн зүггүй бяцхан гаслан минь дээ
Хамдтаа байсан мөчүүддээ халгаад хэлж чадсангүй ээ
Халуухан янаг амраг минь ээ
Бүрэг зангийнхаа хүлээсэнд баригдаад хэлж чадсангүй ээ
Би чамайгаа мартахгүй ээ.........................

Thursday, May 22, 2008

Байна уу

Мөрөөдлийн минь эзэн минь
Мэнгэ нь төөрсөн амраг минь
Мөнхөд дурсагдах хонгор минь
Мөсөн зүрхтэй хайр минь
Байна уу
Голт зүрхний хайр минь
Голын ганц хонгор минь
Галуут голын согоо минь
Ганган хээнцэр эрвээхэй минь
Байна уу
Чатны хонгор бүсгүй минь
Чанга хатуу сэтгэлтэн минь
Чацуу насны хонгор минь
Чамайг л гэсэн сэтгэл минь
Байна уу даа
Нарлаг өдрийн цэцэгс минь
Намуун үдшийн болзоо минь
Найрсаг хонгор бүсгүй минь
Намайг л гэсэн сэтгэл минь
Байна уу
Сэтгэлт хонгор бүсгүй минь
Сэрүүн зүүдний амраг минь
Сэрүүхэн хаврын яргуй минь
Сэмрэх үүлсийн тасархай минь
Байна уу
Булиглах зүрхний цохилт минь
Буцааж болохгүй хайр минь
Бусдаас харамласан сэтгэл минь
Бүсгүй хонгорхон заяа минь
Байна уу
Намайг дасгасан сэтгэл минь
Нартад дагуулсан эзэн минь
Намбалаг хонгор бүсгүй минь
Намуу цэцэгсийн дэлбээ минь
Байна уу
Даруухан төрсөн бүсгүй минь
Дассан хонгор сэтгэл минь
Даль жигүүртэй шувуухай минь
Дахиад олдохгуй эрдэнэ минь
Байна уу

Мэссэнжэрийн маань найз Хуягаа үүнийг чатлаж байх явцдаа зохиосон бөгөөд намайг блогтоо тавихийг хуссэн юм. Бараг анхных нь шүлэг гэсэн байх шүү хэ хэ.

Tuesday, April 1, 2008

Намайг эзэмдээч

Амьсгал минь түрэгсэж, алга минь хөлөртөл
Араас минь тэвэрч, ар нурууг минь гижэгдэн
Аргаа бартал минь Намайг эзэмдээч
Халуун амьсгалаараа хүзүүг минь төөнөн
Хамаг биеээрээ намайг хучин
Халуу шаттал Намайг эзэмдээч
Бүхий л биенд минь уусан шингэж
Бүл чадлаа надад гайхуулан
Бүх л шөнөжин намайг эзэмдээч
Араатны хүсэл, хүмүүний энхэрийлэл
Аль алинийг нь чинээнд нь тултал
Агшин бүрийг цэгнэн Намайг эзэмдээч
Сул асгарсан гэзгийг минь үнэрлэн
Сулхан гиншэх дуунд минь мансуурч
Секунд бүрийг алдалгүй Намайг эзэмдээч
Орон дотроо дуу алдан хөлөрч
Орчлон хорвоог ор тас марттал
Оломгүй хайраар Намайг эзэмдээч
Хоер хацарыг минь улаа бутартал
Хүүхэн биейиг минь хөндүүр суутал
Хүслээн гүйцээж Намайг эзэмдээч
Нүднээс минь гуниг үргэтэл
Нүүрэнд минь инээмсэглэл тодортол
Нүгэлгүй сайхнаар Намайг эзэмдээч
Шинэхэн өглөөг инээмсгэллээр угтаж
Ширэлдсэн үсэндээ сам зоож
Томдсон ч гэсэн чиний цамцтай
Толины өмнө эргэлдэн зогсох
Тоймгүй их хүсэл байна аа
Хүслийн тэлээ минь мулт үсрэхнээ
Хүрээд ир Намайг эзэмд

Tuesday, March 18, 2008

Чи миний

Чи миний
Тал биений минь эзэн
Танхил насны минь амраг
Зүүдэнд минь гэрэлтсэн од
Зүрхэнд минь бадамласан оч
Чи миний
Үнгэгдсэн уруулын минь эзэн
Үнэнч сэтгэлийн минь ханхүү
Уугаад халуурдаг дарс
Учраад ч ханахгүй жаргал
Чи миний
Жамаараа л учирсан амраг
Жиндэхдээ нөмөрсөн хөнжил
Хараад ханамгүй амраг
Халууцахдаа залгилсан рашаан
Чи миний
Хаяж одсон харуусал
Хагацахдаа мэгшсэн мэгшил
Даарахдаа нөмөрлөсөн нөмөр
Даврахдаа хөөсөн бачуурал
Чи миний
Хайрлахдаа дурссан дурсамж
Харамлахдаа хардсан хайлан
Хазайхдаа түшсэн энгэр
Хайлж урссан зүрх
Чи миний
Ганцаардахдаа олсон гарц
Галзуурахдаа хашигарсан авиа
Гомдохдоо энэлсэн бачуурал
Голт зүрхний минь судас
Чи миний
Хүлээсэн сэтгэлийн минь хясал
Хүүхэн биений минь хүсэл
Хүмүүн заяаны гаслан
Хүрч чадахгүй оргил
Чи миний
Санасан сэтгэлийн минь сүү
Санааширч бодсон бодол
Салам нүдэлцмээр дайсан
Салж одмоор саваагүйтэл
Чи миний
Аргадаж гуйсан гуйлт
Аргаа барсан галзуурал
Амраг сэтгэлийн минь ад
Алдхан биений минь эзэн
Чи миний
Энэ л амьдралын минь утга учир
Энэлэхдээ дурссан гуниг зовлон
Энгэртээ хатаасан нулимас
Эргэж олдохгүй баяр баясал

Monday, March 17, 2008

4, 5, 6 мөртүүд xe xe

Сайхан хосыг харж нүдээн баясгамаар
Санамсаргүй болзоонд уригдан зүрхээн догдлуулмаар
Санааширч алсыг ширтэн нутагаа зоримоор
Санаа сэтгэлээр минь наадсан хавар цаг ирлээ

************

Намуухан тийм намуухан үдэшт би дуртай
Нүдээ аниад л бодол хөврүүлэх дуртай
Гүн аниргүйн тэвэрт тас атгуулах дуртай
Гүнзгий санаа алдан дотроо нээх дуртай
Тийм намуухан, тийм аниргүйд шунан тэмүүлдэг...

*************

Нэг голын усанд хоёр орж болохгүйтэй адил
Нэг олдох амьдралаар хоёр амьдрахгүй нь ойлгомжтой
Өнгөрсөнтөйгөө зууралдан үхээнц юм шиг амьдрахаар
Өөдрөг хуслээр жигүүрлэж өнөөдрөөрөө жаргалтай амьдрая

*************

Тэнд л миний эрх чөлөө
Тэнгэрлэг их хайр дурлал бий
Тэнд л миний зовлон гуниг
Тэнэгэрхэл, галзуурал бий... тэнд л...

*************

Зоосгүй явж үзсээн зөндөө үзсэн
Бодолгүй байж харин үзээгүй
Зорилгогүй явж үзсээн зөндөө үзсэн
Мөрөөдөлгүй харин явж үзсэнгүй
Бодол мөрөөдөл минь надаас явж одвол
Бодитоороо би хэн болох бол оо…

***************

Сэтгэл буруугүй хайр гэж байдаг шүү залуу минь
Сэмэрсэн даавуу шиг сэтгэлийн минь
Ширхэг утас нь ч болов чиний төлөө шаналах үед
Ширтээд харсан харц чинь учиг зангидах шиг санагдах
Сэтгэл буруугүй хайр гэж байдаг шүү залуу минь

Monday, March 10, 2008

Эргэж чи намайг дурсана

За яах вэ сүүлчийн удаа
Зоргоор хайраараа чи хайрла
Зочилж ирээд хэнэггүйхэн буц
Золигт гаргаж намайг орхи
Чиний олж хараагүй
Чин хайрын цэцэг
Энд нахиагаа дэлгэн
Эгэлгүй сайхнаар ургах цагт
Эргэж чи намайг дурсана
Хүсэл хяслын чинь зааг дээр
Хүнийх болоод би явсан байна
Хүүхэн хонгор бие минь тэгэхэд
Хүлээхийн зовлонгоос салсан байна
Чиний ирдэг зам баларч
Чимэгт зүүдэнд чинь би
Чинийх хэвээр нялхамсавч
Чин үнэний хорвоо дээр
Чигээ олоод явсан байна
Чимээгүй хорвоо тэгэхэд харин
Чиний зовлонгоор одоогийнх шигээ баясана аа

Sunday, March 9, 2008

Надаас битгий яваач дээ

Ээ залуу минь дээ чи
Энэхэн биейиг минь эзэмдэх гэж
Эмэгтэй гэдгийг минь мэдрүүлэх гэж
Энэхэн хорвоод ирээ юу
Харин дараа нь холдох гэж
Хагацал гэдгийг нь мэдрүүлэх гэж
Хүсэл гэдгийг нь хясах гэж
Хүмүүний орчлонд төрөө юу
Хайр гэдэг нь ийм л
Хахир хатуу юмсан уу
Хоромхон зуурын учирлаар
Хонгорхон зүрхийг минь баясгав уу
Хаашаа ч битгий яваач дээ
Хажуунаас минь битгий холдооч дээ
Хожмын учралыг хүлээж цөхөрлөө
Хос зүрхээ хайж ханалаа
Зүрх сэтгэлийг минь догдлуулчихаад
Зүгээр л битгий явчихаач дээ
Зүүд нойронд минь нялхарчихаад
Зүгээ битгий бууруулаач дээ
Надаас л битгий яваач дээ
Найраг шүлгэнд минь биш
Насны амьдралд минь хань болооч
Нартын амьдралыг хамтдаа туулаач
Холдож битгий надаас зугтаа
Хүлээлгэж намайг битгий зовоо
Хатан зүрх минь тушааж байна
Халуун сэтгэл минь хашигарч байна аа

Sunday, March 2, 2008

Тийм нэгэн галзуурал

Орчлон хорвоо тэр чигтээ
Олиггүй хүсэлд бялуурсан шиг
Онгон биеийн минь судас
Оргилдоо хүртэл лугшиж
Тийм нэгэн галзуурал
Тэнхээ мэдэн дэлдчээд
Танхилхан биеийн минь хүслийг
Тартагт нь тултал бадраагаад
Энгэрт тань хацараа наагаад
Эрхэлж нялхамсч уйлмаар
Эр биенд тань тэмүүлж
Эрээгүй хүслээ хангамаар
Тийм нэгэн галзуурал
Тэнхээ мэдэн дэлдчээд
Тэнэгхэн миний биейиг
Тамирдуулж шаналган зовоогоод
Хүдэр чийрэг биенд тань
Хүрэлцэж хайрыг мэдэрмээр
Хүүхэн хонгор бие минь
Хүслийн цалманд чирэгдээтэй
Тийм нэгэн галзуурал
Тэнхээ мэдэн довтолгоод
Тэргэл сартай шөнөөр
Тэнгэрийн од тоолоостой
Галзуу янаглалын элчинд
Гарийн минь алга хөлрөөстэй
Гал халуун биенд чинь
Ганган бие минь шатаастай
Тийм нэгэн галзуурал
Тэнхээ мэдэн эзэмдээд
Тэнэгхэн намайг эндээс нь
Тамын оронд илгээхнээ
Янагийн халуун тачаалд
Ягаахан уруул минь шунаастай
Ялдам чинийхээ хөнжилд
Янзган бие минь нүцгэрээстэй
Тийм нэгэн галзуурал
Тэнхээ бартал эзэмдээд
Тэмдэгрэх үүрийн гэгээгээр
Тамирдан бие минь сулидаастай
Хүсэл хясалын зааг дээр
Хүүхэн бие минь нялхарч
Хүсээд ч ирдэггүй жаргалыг
Хэгжүүн зүүдэндээ нуучихаад
Хөнжилдөө ганцаар хөлөрч
Хүсэлдээ ганцаар бялуурч
Тийм нэгэн галзууралд
Тэнэгхэн бие ээ тушаая даа

Tuesday, February 19, 2008

би чамруу очиж явна

Хүсэлд чинь согтож хайраа илчлэх гэж
Хүнийх гэдгийг чинь мэдэрч зүрхээ зүсэх гэж
Тэнэглэлд чинь бялуурч гунигаа мартах гэж
Тэвэрт чинь багтаж сэтгэлээ нээх гэж
Тиймээ би чамруу очиж явна
Үнсэлтэнд чинь мансуурч үйлээ эдлэх гэж
Үгүйлэлд чинь хоногшиж чихээ хангинуулах гэж
Гараас чинь хөтөлж ганцаардлаа гээх гэж
Галзууртал янаглаж цангаагаа тайлах гэж
Гал халуун хайр ч мөс болдгийг мэдрэх гэж
Ганцхан чамруу би очиж явна аа
Эрээгүй аашинд чинь инээмсэглэлээ гээх гэж
Энгэрээ задгайлж эм хүн гэдгээ мэдрэх гэж
Нулимсаа асгаруулж нууцаа дэлгэх гэж
Нэг олдох амьдралдаа харуусал нэгийг нэмэх гэж
Хорьж болохгүй биеийнхээ хүслийг хангах гэж
Холоос би чамруу очиж явна, очиж явна аа би очиж явна
Урд шөнийн янаглалын чинь ул мөрийг баллах гэж
Ухаангүй хийсэн үйлдлийн чинь учиг зангилааг тайлах гэж
Холоос чамдаа очиж явна аа
Хоосорсон ч гэсэн сэтгэлээ нээ
Хүнийх ч гэсэн зүрхээ догдлуул
Хорвоогийн амьдрал тэр чигтээ
Хуурамч гэдгийг хамтдаа мэдрэе

Monday, February 18, 2008

Тэнэгхэн минь дээ

Тэнэгхэн минь дээ
Тэрлэгэн доторх нууцхан минь дээ
Балчирхан минь дээ
Байж ядсан тачаалхан минь дээ
Учиралхан минь дээ
Уужин доторх уянгахан минь дээ
Дүүмэдхэн минь дээ
Дэврүүн сэтгэлийн тосхон минь дээ
Өөдөсхөн минь дээ
Өөдгүй зангийн минь боолхон минь дээ
Яая даа би чамайг яая
Янаг сэтгэлийн ялхан минь дээ

Sunday, February 17, 2008

зүүдэллээ

Үүрээр би чамтайгаа уулзаж зүүдэллээ
Үлгэрийн юм шиг мөрөөдөлд умбаж зүүдэллээ
Үдшээр чинийхээ хөнжилд үнэгчилж зүүдэллээ
Үнэн худлын эрэлд төөрч бэдэрч зүүдэллээ
Сайхан чинийхээ үнсэлтэнд бялуурч зүүдэллээ
Сайрхаж хэлсэн үгэнд чинь мансуурч зүүдэллээ
Салахын аргагүй харцанд чинь ээрэгдэн зүүдэллээ
Сайн яваасай хэмээн залбиран зүүдэллээ
Янагхан чинийхээ энгэрт хөлөрч зүүдэллээ
Ямархан их санаснаа тоочиж зүүдэллээ
Духан дээрээ үнсүүлээд уярч зүүдэллээ
Дуу алдам янаглалд чинь умбаж зүүдэллээ
Эрээ цээргүй аашинд чинь эрхлэн зүүдэллээ
Эхнэртэй байх бий дээ хэмээн эмзэглэн зүүдэллээ
Хараад ханшгүй биенд чинь шумбан зүүдэллээ
Хаяаад явчих бий дээ хэмээн харамлан зүүдэллээ
Гоо бие ээ дэлгэн гайхуулан зүүдэллээ
Ганцааранг минь орхиод удсанд туниж зүүдэллээ
Зүүдэллээ би зүүдэллээ зүүдний гэгээхэн ханхүү минь ээ
Зуурдын биш үүрдийн учирлыг зөгнөж, наддаа хурдан ирдээ



Saturday, February 16, 2008

сархад чи

Ууна аа би сайхан ууна
Урдах ардахаа бүгдийг мартана
Улаан зээрд болтолоо ууна яадгийн
Хөлчүүрнэ ээ би сайхан хөлчүүрнэ
Хүний өөрийнгүй бүгдийг мартана
Хөвчин дэлхийг хөмрүүлнэ яадгийн
Тасрана аа би зад тасрана
Таних танихгүй бүгдийг мартана
Тамтгаа алдталаа тасрана яадгийн
Өнөөдөр ганцхан миний мэдэлд
Өнчин сэтгэл минь чиний мэдэлд
Өөдгүй сархад чи харин маргааш
Өрөөнөөс минь зайлсан байгаарай

Friday, February 15, 2008

Яг одоо би

Яг одоо би ганцаардал
Ялтай юм шиг гансрал
Мөнгөний боол
Мөрөөдлийн хүлээс
Мөнхийн тэнэглэл
Адгийн завхайрал
Ангайсан залхуурал
Хөгийн худалч
Хөрөнгөний шунал

Wednesday, February 6, 2008

За тэр оногдсон байнд

Дурлаач залуу минь надад дурлаач
Дуу алдтал чанга тэврээч
Гитарын мөнгөн утсан дээгүүр гүйх
Ган шиг гартаа чанга атгаач
Яг л ингээд мянган жилдээ
Яагаад ч салахгүйгээр гагнагдчихая хоёулаа
Хайрлаач залуу минь намайг хайрлаач
Хат суусан гартаа атгаач
Халуу дүүгэсэн энгэртээ тэврээч
Мөнхийн мөнхөд энэ л хэвээрээ
Мөрөөдлөө гүйцээж хамтдаа амьдрая

Tuesday, February 5, 2008

Халхын сайхан залуу чиний
Хайр чинь байх юмсан даа
Хайраар гэрэлтсэн харцны чинь
Халил нь би болохсон
Ухаалаг сайхан залуу чиний
Уруул чинь байх юмсан даа
Учирал зөгнөсөн харцны чинь
Учиг нь би болохсон
Монгол сайхан залуу чиний
Мутар чинь болох юмсан даа
Мөрөөдлөөр дүүрэн харцны чинь
Мөнхийн халил болохсон доо
Зөн билгийн залуу минь дээ
Зөрүүд зүрхээ тушаая даа чамд
Зүг зүгрүү савчсан зүрхийг минь
Зүглүүлж чиглүүлээд өгөөч дээ ... гуйя

Sunday, February 3, 2008

тоглоом

Саяхан даа саяхан би
Салаа гэзэгтэй охин байсансан
Саравчтай малгай духдуулж тавьчихаад
Саваагүйтэж хөвгүүдийг өддөг байсансан
Сахилгагүй нь хэтэрлээ гэж багшдаа загинуулаад
Самбарын өмнө зогсдог байсансан
Арван жил өнгөрсөн гэхэд
Аанай л тэр зан минь хэвээрэй
Аальгүйтэж хэдэн мөр хэлхээд
Айлын харчуулд чулуудаад л
Айхтар хатуу амьдралын тоглоомоор
Алдахаа мэдэхгүй тоглосоор л байх юм
Дахиад арван жил өнгөрсөн ч
Дэггүй энэ л тоглоомоороо
Дэргэдэх эрчүүдээ зүгээр байлгахгүй
Дэмийрч бас тоглосоор л байх вий дээ
Дэнслэх зүрх минь тоглоомоо дуусгаач дээ
Дүрлэгэр нүд минь байгаа онооч дээ

Saturday, February 2, 2008

БИ

Галзуу би гайтай галзуу
Гал дөл шиг улаан галзуу
Аальгүй би аймаар аальгүй
Аргаа бармаар хэтэрхий аальгүй
Сониучхаан би нилээн сониуч
Сольж холихгүй л бол овоохон сониуч
Мэдэмхий би улаан мэдэмхий
Мөчөөгөө өгөхгүй муйхар мэдэмхий
Мөрөөдөмтгий би мөнхийн мөрөөдөгч
Миний чинийгүй бүгдийг мөрөөдөгч
Гутрамтгай би хааяа гутрамтгай
Гуринхалж үхмээр хэт гутрамтгай
Ховдог би сайхан ховдог
Хоншоороо ч идчихмээр хөөрхөн ховдог
Зөрүүдээ би хачин зөрүүд
Зүгээр л хаячихмаар тэнэг зөрүүд
Эрхээ би танхилхан эрх
Ээжийнхээ мөөмийг санадаг эрх
Уярамтгай би учиргүй уярамтгай
Уйланхайгаа мэдэхгүй учиргүй уян
Шудрага аа би гайгүй шудрага
Шуналд идүүлчихгүй бол хэрэндээ л шудрага
Дурламтгай би хачин их дурламтгай
Хаягдахаа мэдэхгүй хаширахгүй дурламтгай
Халуухаан би гал халуухан
Хайртынхаа цусыг буцалгам халуухан

Thursday, January 31, 2008

Гадаа бороо ороод уйтгартай байна
Гавалд бодол шуураад гунигтай байна
Хүсэл байхад хясал хаагаад
Хайр ирэхэд хагацал дагуулаад
Хүний амьдрал тэр чигтээ
Хөлчүү юм шиг манантай байна
Сайхан залуучууд сэтгэлд үерлэвч
Саатан зогсох нь үгүй байна
Тоотой хэдэн дурлал ирсэн ч
Тосоод авсан нь алга л байна
Салхинд навчис хийсээд гунигтай байна
Сэтгэлд гуниг хургаад уйтай байна
Наран мандсан ч илч нь алга
Найдвар байсан ч дөл нь үгүй
Найз байсан ч сэтгэл байхгүй
Намайг байсан ч чи минь алга
Амьдрал тэр чигтээ надад арзгар байна
Алаад хаячихмаар арчаагүй байна БИ
Дуу дуулаад ч хөг нь алга
Дурлалд тэмүүлээд ч эзэн нь алга
Зүүд ирсэн ч өнгөгүй байна
Зүрх догдолсон ч хуурамч байна
Ирээдүйгээ харахнээ харанхуй байна
Итгэл өвөрлөсөн ч худлаа байна
Зорилго байв ч зоос нь үгүй
Зам байв ч гарц нь олдохгүй
Замбараагүй байна энэ амьдрал
Залхаж үхмээр уйтай байна аа

Wednesday, January 30, 2008

Өөрийгөө хараалтай
Өрөөл бусдыг цүхэлтэй
Өнөөдөр яачихсан жигтэй өдөр бэ?
Хамаг бүхэнд уурлалтай
Хаашаа ч хамаагүй явалтай
Өнөөдөр яачихсан хачин өдөр вэ?
Урдахаа харахгүй уйхчаатай
Уушиг зүрх савалгаатай
Өнөөдөр яачихсан уршигтай өдөр вэ?
Тархи толгой минь эргээтэй
Танил бүхэндээ халгаатай
Өнөөдөр яачихсан тарчлаантай өдөр вэ?
Галзуурахнээ яг галзуурах нь
Гадаа гэртгүй төвчигнөөд л
Өнөөдөр яачихсан гайтай өдөр вэ?
Сав л хийвэл уурлаад л
Сав суулгаа чулуудаад л
Өнөөдөр яачихсан савалгаатай өдөр вэ?
Нойр хүрэхгүй тарчлаагаад л
Ном дэвтэрээ урчихалтай
Өнөөдөр яачихсан нойрхой өдөр вэ?
Би ердөө тэвчишгүйнээ
Бие минь надад захирагдахгүйнээ
Бүхэлдээ яачихсан бүрхэг өдөр вэ ӨНӨӨДӨР!!!!!

Tuesday, January 29, 2008

Зовлого минь чи намайг зовоохоо болиоч
Зооглоё гэсэн болгоныг чинь зооглож
Зоргоор чинь чамайг зөндөө л байлгалаа
Бие минь чи намайг билүүдэхээ болиоч
Битүүхэн хүссэн хүслийг чинь гүйцэлдүүлж
Байгаа бүхнээ чамд л зориуллаа
Хүсэл минь чи намайг хүзүүдэхээ болиоч
Хүний хүүд сэтгэлээ өгчихөөд
Хүлээхийн зовлонг зөндөө л эдэллээ
Дур минь чи намайг дарамтлахаа болиоч
Дурлалын баланд согттол чинь умбуулж
Дураар чинь чамайг зөндөө л байлгалаа
Зүрх минь чи намайг зүгээр байлгаач
Зөндөө олон дурлалд хөтлүүлж
Зөнгөөр чинь би удаан байлгалаа
Одоо боллоо бие сэтгэл дур тачаал минь
Орон гэртээ тайван байж үз
Олон тийшээ үсчиж савчилгүй
Орондоо ороод тайван нойрсооч
Зуур ч болтугай завсарлага аваач
Зөөлөн хөнжилдөө амгалан нойрсооч!!!

Monday, January 28, 2008

Хүнийх болсон чамайгаа өөрийн болгох гэж зүтгэхгүй
Ханаталаа уйлж хацараа би тэвтээнэ
Хайртайгаа хэлж сэтгэлээ би амраана
Холоос ч болтугай харж нүдээн би баясгана
Хойлоог чинь хааяа сонсож чихээн би баясгана
Эргээд наддаа ирээч гэж эрхэлж би гуйхгүй ээ
Эхнээсээ чи минь ямар минийх байсан ч биш дээ
Угтах жилүүдийг хамтдаа туулья гэж шаналгахгүй ээ
Уугаасаа чи минь ямар минийх болчих ч биш дээ
Сайхан амьдралыг чинь түйвээж
Саналаа гэж шалчигнахгүй ээ
Сайхан дүрийг чинь харин зүрхэндээ чандлан нууя даа
Намайг хайрлах эрчүүд бүхний тоогоор
Надад дурлах зүрх бүхний цохилтоор
Нартад чамдаа хайртай байснаа дурсана аа

Sunday, January 27, 2008

Чинийхээ дэргэдээс явмааргүй
Чимээгүй дахин шаналмааргүй
Чимээ чагнан хүлээмээргүй
Чиглэж алсыг зоримооргүй байна аа
Хатуурхаж чамайгаа гомдоомооргүй
Халуун зүрхэндээ шаналмааргүй
Халуун энгэрт чинь тэврүүлээд л
Хаашаа ч би явмааргүй байна аа
Яг л энэ чигээрээ
Янагийн хөнжилдөө хөлөрч
Ягаахан урууланд чинь шунан
Яасан ч чамаасаа салмааргүй байна аа
Мөнхөд энэ хэвээрээ
Мөрийг чинь түшин эрхэлж
Мэлмий юуг чинь ширтэн
Мөрөөдлийн хөлөгнөөсөө буумааргүй байна аа
Өнөд чамаасаа холдмооргүй
Өнчин дэрэн дээр уйлмааргүй
Өөрт чинь л хайраа илчлээд
Өөр хаашаа ч явмааргүй байна аа
Би чамаасаа явмааргүй
Битүүхэн зүрхэндээ шаналмааргүй
Биенээ санаж бэтгэрмээргүй байна аа

Thursday, January 17, 2008

Дурлахгүй байя гэж хичнээн хичээгээд
Дурлаад л байгаа зүрхээ би яалтай
Хайрлахгүй гэж хичнээн бодоод ч
Хайрлаад л байгаа сэтгэлээ би яалтай
Дурлана аа би яадгийн дурлана
Дундуур сэтгэлээ дүүртэл дурлана
Эзэнтэй байсан ч хамаагүй дурлана
Энэхэн биеээ элтэл дурлана
Хайрлана аа би яадгийн хайрлана
Хүнийх байсан ч хамаагүй хайрлана
Хайрын мянган шувуухайг
Халирч зугттал нь хайрлана
Дурлалын хүчит салхи нь чи байг
Дуртайяa хийсэх навчис нь би болоё
Ассан гал шиг дурлал чи байг
Аз жаргалтайгаар дүрэлзэх очис нь би болоё
Дуулим хорвоогийн дуусашгүй дурлал чи байг
Дайрвал ч дайр намайг, би бэлэн байна аа...

Friday, January 11, 2008

Би нээрээ Хэнхэглэчих юмаа
Хэн ч тоохгуй хэдэн юм биччихээд
Хэнхдэг цээжээ дэлдээд л...
Би нээрээ Хошигорчих юмаа
Худал магтаалд хүүхэд шиг баярлаад
Хөөрч онгирч сагсуураад л...
Би нээрээ Тэнэгтчих юмаа
Тэрэнтэй ч энэнтэй ч үг сөргөөн
Тэс хөндлөн зөрөөд л...
Би нээрээ сайхан Залахийнмаа
Зүс үзээгүй найзуудаа
Зөндөө удаан уулзсангүй саналаа гээд л...
Би нээрээ Галзуурчих юм аа
Ганц ч дуу мэдэхгүй хэрнээ
Гадаа гэртгүй гэнгэнээд л...
Би нээрээ Солиорчих юмаа
Сархад ганцаараа ууж согтоод
Салхинд хүслээ шивнэж гүйгээд л...
Би нээрээ Шогтчих юмаа
Шал танихгүй хүнтэй чатлаж
Шалиг яриа өдөөгөөд л...
Би нээрээ... би нээрээ...
Нэт гэдэг энэ ертөнц
Нээрээ намайг хэн болгочихвоо
Онгироо сагсуу, ойворгон тэнэг
Галзуу солиотой, гаж донтой
Мэдэхгүй мэдэхгүй би нээрээ....

Tuesday, January 8, 2008

Сар жилүүдийг тоолон байж
Сайхан чамтайгаа учирья юу л гэлээ
Санасан бүхнээ уудлан байж
Сэтгэлээ нээж ярилцая юу л гэлээ
Өнгөрсөн бүхнийг наргиа болгож
Өгүүлж чамтайгаа хуучилая уу л гэлээ
Өнчин сэтгэлээ тайтгаруулан байж
Өвчүү юуг чинь түшие юу л гэлээ
Эргэн ирэх он жилүүдийг
Энхрий чамтайгаа туулая юу л гэлээ
Энгэр цээжийг чинь түшин байж
Эрхэлж чамдаа тунирхая юу л гэлээ
Бодол сэтгэлээ уудлан байж
Борхон зүрхийг чинь чагная уу л гэлээ
Бүлээн биенд чинь уусан нялхарч
Бүтэн нойртой хоноё уу л гэлээ
Зоргоор хүслээ хорин байж
Зөн совинг чинь таая уу л гэлээ
Зөндөө их хүлээлгэлээ дээ гэмээн
Зөрж туниж нялхамсая уу л гэлээ
Алдрай багахан насны минь
Атгахан зүрхний эзэн минь ээ
Адармаатай хатуу хорвоогийн
Амсаж үзээгүй сархад минь ээ
Шунаж уугаад хөлчүүрмээр байна аа
Шумбаж уусаад шингэмээр байна аа
Чамаар дагнаж согтмоор байна аа
Чанадын алсад одмоор байна аа

Sunday, January 6, 2008

Чи чимээгүй ирээд чимээгүй буцдаг
Чихэнд минь хайрын шүлэг шивнэчихээд явчихдаг
Би харин эргэж ч харж чаддаггүй
Билгүүн дүрийг чинь зүүдэндээ л төсөөлдөг
Янагийн үгсийг чихэнд минь шивнэж
Ялдам энхрийхнээр араас минь тэвэрчихээд
Яагаад ч юм чи зүгээр л явчихдаг
Бүсгүй сэтгэл бүлээн зүрхээ чагнан
Би чамайг дахиад л хүлээдэг
Сэм сэмхэн алхаж ирээд араас минь чи тэвэрдэг
Сэтгэлийн учиг алдуурч би шүүрс алддаг
Борхон зүрхнийхээ цовхчоонтой зэрэгцэн
Бодлын алсад би чамруу зорчдог
Гэнэ гэнэхэн над дээр чи чимээгүй буудаг
Гэгэлгэн дуу сэтгэлд минь аялчихаад буцдаг
Гэнэхэн насны хүслээ хөглөж
Гэргий чинь болохсон гэж би тэмүүлдэг
Үе үехэн над дээр чи чимээгүй айлчилдаг
Үйлийн үртэй зүрхэнд минь учирал зөгнөөд оддог
Үелзсэн их бодлийн минь учиг нь байгаасай гэж
Үймэрсэн сэтгэлээ аргадан чамайг би хүлээдэг
Дараа дахин зочилохдоо чимээтэйхэн ирээрэй чи минь
Дагаад би чинийхээ гэрэлт ертөнцөд аялмаар байна аа

Thursday, January 3, 2008

Харийн нутагт мөрөөдөл хуртэл утгагүй
Халуун зүрхний цохилт хүртэл түгшүүртэй
Хүний нутагт бодол хүртэл замбараагүй
Ганган хэтэвч, гар цайлгах зоосны өмнө
Гантиг цагаан бие үнэгүйдэж
Гал халуун дурлал сохорч
Гадны оронд хүн бүхэн
Галзуу юм шиг эрээгээ алдаж
Ганц шөнийн галзуурлын өмнө
Гайхамшигт хайр сэтгэл хүчгүйдэж
Хүний нутагт хагацал хүртэл жаргал юмшиг
Хайр хүртэл зовлон юмшиг, хамаг зүйл эсэргээрээ
Харийн нутагт бүх юм харийн
Хайрлан дурласан залуу хүртэл хүнийх
Хүний нутагт хүсэл хүртэл хүйтэн
Хүүхэн хонгор бие минь хүртэл хүнийхшиг
Энд минийх гэх юу ч алга, намайг гэх хэн ч алгаа
Эрсэн зүгтээ сурсан дуугаа дуулаад
Эргэж харалгүй арилж үзье эндээс
Зүрх минь дахиад энд
Зүггүй дурлал шивнэхээс эмээж байна
Зүгээр л би нутагтаа буцая
Зүрх сэтгэлдээ хайраа өмчлөе