Sunday, January 6, 2008

Чи чимээгүй ирээд чимээгүй буцдаг
Чихэнд минь хайрын шүлэг шивнэчихээд явчихдаг
Би харин эргэж ч харж чаддаггүй
Билгүүн дүрийг чинь зүүдэндээ л төсөөлдөг
Янагийн үгсийг чихэнд минь шивнэж
Ялдам энхрийхнээр араас минь тэвэрчихээд
Яагаад ч юм чи зүгээр л явчихдаг
Бүсгүй сэтгэл бүлээн зүрхээ чагнан
Би чамайг дахиад л хүлээдэг
Сэм сэмхэн алхаж ирээд араас минь чи тэвэрдэг
Сэтгэлийн учиг алдуурч би шүүрс алддаг
Борхон зүрхнийхээ цовхчоонтой зэрэгцэн
Бодлын алсад би чамруу зорчдог
Гэнэ гэнэхэн над дээр чи чимээгүй буудаг
Гэгэлгэн дуу сэтгэлд минь аялчихаад буцдаг
Гэнэхэн насны хүслээ хөглөж
Гэргий чинь болохсон гэж би тэмүүлдэг
Үе үехэн над дээр чи чимээгүй айлчилдаг
Үйлийн үртэй зүрхэнд минь учирал зөгнөөд оддог
Үелзсэн их бодлийн минь учиг нь байгаасай гэж
Үймэрсэн сэтгэлээ аргадан чамайг би хүлээдэг
Дараа дахин зочилохдоо чимээтэйхэн ирээрэй чи минь
Дагаад би чинийхээ гэрэлт ертөнцөд аялмаар байна аа

1 comment:

Арсун said...

Буй биеээрээ бийр болсон бvсгvй байна даа, Амжилт хvсье. Сайхан болж.