Friday, February 20, 2009

ЧИ ЭР ХҮН

Эхийнхээ хэвлийд тайван нойрсохдоо
Энэлгэн шаналгаж зовоогоо нь үгүй ЧИ ЭР ХҮН
Энхэл доголтой замд хөл дээрээ тэнцэхдээ
Эхэр татан уйлаагүй ЧИ ЭР ХҮН
Зүггүй зангаар охидод дурлачихаад
Зүрхэндээ шаналдаг ЧИ ЭР ХҮН
Зүгээ олохгүй бүдчиж явахадаа ч
Зүрхээ чангалан зоригоо нэмдэг ЧИ ЭР ХҮН
Алдаж оносон ч, ахиж дэвшсэн ч
Анд нөхдөө аваад л гардаг ЧИ ЭР ХҮН
Алдрай бяцхан үрсээн хараад
Амрагтаа нялхардаг ЧИ ЭР ХҮН
Зүрхэндээ чи зүйргүй их хайр агуулдаг
Сэтгэлдээ чи сэвгүй нандин итгэл тээдэг
Энэ л их итгэл хайрын тань
Энгэрт нь нялхарсан БИ ЭМЭГТЭЙ ХҮН

Saturday, February 14, 2009

Ааваа дурсахуй

Утас дуугарч монголоос эгч минь залгаж байна. Хол ойрийн сонин хачин, тэрний тэр ингэсэн гэнэ, энэний энэ ингээд гээд элдэв дээдийн хов жив хамаж ярьсаар яриа ч дуусах тийшээ хандаж эгч маань нэг хэсэг чимээгүй байснаа Аавыг нас барсны дөнгөж дараахан нь гартаа нэгэн зүйл тас атгасан байхыг нь олсон. Тэр нь арван мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт байсан гэж аажуухан хэлээд чи яагаав анх удаа мөнгө өгч явуулаад хэсгээр нь жижиг сажиг өрөө дараад аавд нэг хэдэн төгрөг өгөөрэй гэсэн дээ тэгэхэд би охин чинь явуулсан шүү амттай юм авч идээрэй гэж байна гээд аавд арван мянган төгрөг өгсөн юм... ингээд болоо Өчнөөн хоног өөрөөсөө хүртэл нууж явсан үнэн өнөөдөр зүгээр л зүрхнээс минь, сэтгэлээс минь сад тавин урсах шиг би уйллаа, уйлаад л уйлаад л ...уйлах л юм бол үнэн болох гээд байсан тэр бүхэн өнөөдөр ингэж биелэлээ оллоо... тиймээ энэ бол үнэн.

Аавыгаа тэнгэрт одсон гэдгийг би өөрөөсөө нуусан, бас тэр үнэнд итгэхээс эвтэйхэн зугтаасан... гэхдээ л энэ бол үнэн хаашаа ч зугтаашгүй, хаана ч нуугдашгүй үнэн!!!

Аавтай дурсамжууд ар араасаа хөвөрсөөр би уйлсаар л… Хожимдож ирсэн харамсал харуусал минь нулимастай минь хамт урсан гарсаар....

Нэг хоёрдугаар ангид ортлоо ээж та хоёрынхоо өвөрт унтчихаад өглөө босоход та минь орон дотроо ээжийн аяглаж өгсөн цайнд боорцог дэвтээгээд идэж байдагсан. Эрх хэнз охин чинь суган доогуур чинь толгойгоо цухуйлгаад аягтай цайнаас чинь дэвтсэн боорцогнуудыг нь шүүрч идчихээд буцаад унтдагсан. Одоо бодоход та минь өөрөө идэх гэж биш охиндоо л гэж тэр боорцогнуудыг цайндаа дэвтээн сэрэхийг минь хүлээн байдаг байсан биз.

Хүүхдийн баяр, наадам, шинэ жил болгоноор авчирдаг амттан болгон тань одоо идэж байгаа ямарч амттаныг гүйцэхгүй тийм сайхан амттай байдаг байж. Тэдгээрээс ч илүү өдөр бүхэн шахуу иддэг байсан хуйхалсан толгой, шийр ямар сайхан амттай байсан юм бэ дээ. Та минь уурын зууханд галч хийдэг байсан, өглөө болгон ажлаа тарж ирэхдээ ажил дээрээ хуйхлаад бэлэн болгоцон толгой шийр авч ирдэг байж билээ. Тэрийг нь ээж минь угааж цэвэрлээд өдөржингөө гал дээр чанаад орой нь ах эгч нартайгаа би тэрийг нь, чи энийг нь гээд л булаацалдан иддэг байсан минь юу юунаас ч илүү жаргал байж.

Есдүгээр ангиа төгсдөг жил аав минь хөдөө гарч амьдрахаар шийдэж хэдэн үхэр хонь худалдаж аваад аймгийн төвөөс нүүж билээ. Тэгэхэд би учиргүй тунирхан хамгийнхаа бага охиныг ядаж аравдугаар ангийг нь төгсөхийг хүлээсэнгүй надад хайргүйдээ л ингэлээ гэж хамаг байдгаараа гомдож тэр чинээгээрээ таньдаа хатуу үг хэлж байж билээ. Үнэндээ аав минь тэтгэвэрийнхээ цөөхөн хэдэн төгрөгөн дээрээ нэмэр болох гэж, охиноо олны нүдэнд сайхан явуулах гэж л энэ бүхнийг шийдснийг жилийн дараа ямааныхаа ноолуурыг тушаагаад олсон мөнгөөр нь тансаглаж байхдаа л ухаарч билээ.

Тэнэгхэн явж дээ охин чинь үнэхээр тэнэгхэн явж ухаараад ч эргэж дурсаад ч танийгаа мөнх л юм шиг санаж явж.

Аравдугаар ангиа төгсөөд конкурсэнд бэлдээд ахындаа ганцаараа байхад минь аав минь хөдөөнөөс ирж надтай конкурс дуустал хамт байсансан. Эхний шалгалтаа өгөхөөр өглөө эрт гарахдаа аавдаа та очсоны хэрэггүй ээ өдөржингөө юм болно тэгээд ч би таньтай хамт байхгүй уулзаж чадахгүй юм чинь та гадаа юу хийж суухав гэж захих загинах хослуулан хэлж хэлж явсан. Шалгалтаа өгчихөөд хариуг нь хүлээн ангиас гаралгүй цонхон дээр хамгийн сайн хоёр найзтайгаа дохио зангаагаар ярилцан зогсож байхад охиныхоо үгэнд ордог мундаг аав минь нялх хүүхэд шиг сэтгэл нь догдлон цонхны доор хоёр найзтай минь хуйвалдаад өдөржин нуугдаж охиноо хүлээн суусныг тэнэгхэн охин чинь дараа л мэдсэн тэр үед мэдэх ёстой байсан ч тэгээгүй. Эхнийхээ шалгалтанд өндөр оноо авч бөөн баяр гарч ирсэн охин чинь танийгаа сая л ирсэн юм шиг санан та энд юу хийж яваа юм гэртээ очоод байж бай гэж хэлчихээд найз охидоо даган оройжин дэмий тэнэж байгаад ирэхэд та минь охиноо шагнах гэж өдөржин өвөртөлж явсан шоколадаа шалчийтал нь хайлуулж өвөртлөөд хүлээж байсансан. Хайраа, халамжаа, охиноо гэж бахархсан сэтгэлээ шингээн шингээн хадгалсан тэр амттанг тэгэхэд тэнэг охин чинь хайлаад ямар сонин амттай болцон шоколад вэ гэж голон голон идсэн .... таньдаа ч өгөөгүй .... одоо тэр цаг ирдэг бол .... иргээд цаг хугацааг эргүүлж болдог бол...

Их сургуулийн долоохон ширхэг хуваарь дээр өрсөлдөөд хамар дээгүүрээ таслуулан хуваарьгүй хоцорсон охиноо усан бороонд өдөржин даган шалгалтын хариуг хүлээж суусан аав бид хоёрын ээлж болж өөр бусад сургуулийн сул хуваарь горидон шалгалтын комиссынхон дээр ороход тэд хоорондоо ярилцан - энэ охин чинь суурь шалгалтан дээрээ өндөр оноо авсан хүүхэд байна. Буриадын ХАА-н дээд сургуулийн нягтлангийн ангийн нэг хуваарийг өгчих үү гэлцэхэд комиссын дарга нь аавыг минь танимхайран өө Пүрэвээ гуай танай охин юм уу та хоёр Төрийн сангийн зээлээр сурч болох сургуульд орсон нь дээр байхаа даа гээд шууд л ХҮДС-ын Ня-Бо гийн ангийн хувиар хүчээр шахуу өгөөд гаргаж билээ. Тэгэхэд би аавдаа бас л тунин та бид хоёрыг энэ хүмүүс ядуу гэж бодоод энэ хувиарыг өгчихлөө, танийг хараад л ингэлээ би ганцаараа орох байсан юм, би тэр Буриадын сургуулийн хуваарийг авч гадаад явах байсын гэж байдаг уураа гаргаж байсан. Ямархан тэнэг яваа вэ дээ охин чинь. (Хоёр жилийн дараа тэр Буриадын сургуульд явсан хүүхдүүд хоёр улсын хооронд хийсэн гэрээ хүчингүй болсон нэрийдлээр сургуульгүй болон буцаж ирцгээсэн дээ.)

Дөрвөн жил дээд сургуулийн мундаг оюутан болсон мулгуу охин чинь зун болгон таньдаа эрхэлж, илүү гэр бариулан хааны эрх гүнж шиг л энийг ч иднэ тэрийг ч өмсөнө гэж танийгаа долоо хоног бүр сүү тараг хотруу зөөлгөн бүүр сүүлдээ зусаж байгаа газар чинь модгүй усгүй муухай газар байна очихгүй гэж хүртэл тэнэгтэж байсан байх юм. Хөөрхий аав минь чаддаг байсан бол бараг л надад зориулж ус урсгаж мод тарихад бэлэн байсан даа.

Дээд сургуулиа төгсөөд л ажилд орсон охин чинь танийгаа мундагдан төвд орж ирэхгүй бол хүнтэй суулаа гэж айлган байж хөдөөнөөс оруулж ирсэн. Аав минь та миний үгэнд орсон байхад харин тэнэг охин чинь хэлсэндээ хүрээгүй ээ. Хөөрхий аав танийгаа орхиод л хүний хүн дагаад гэрээсээ явсан. Байнга л завгүй их ажилтай байснаа гайхан бараг худалч хүнд аравхан алхамын зайтай байгаа гэртээ сардаа ганц удаа очиход минь аав минь учиргүй хөл хөөрцөг болон - Алив ажил ихтэй ядарсан байлгүй миний охинд дуртай хоолыг нь хийж өг гэж ээжийг сандарган, би гэдэг хүн ингэх л ёстой юм шиг идэж ууж аваад л явдагсан.

Нэг л өдөр охин нь Амерк гэдэг мөрөөдлийн орон луу сурахаар явах болж, сургуульд сурна, тэгээд хажуугаар нь ажил хийгээд зөндөө мөнгөтэй болоод ирнэ гээд л танийхаа амин зуулга болсон тэтгэвэрийг 6 сараар нь зээл аваад нисэн одсон. Аав минь та нилээн хүнд өвчтэй байсан ч охиноо ийм сайхан газарлуу явж байхад заавал онгоцны буудал дээрээс гаргаж өгнө гэсээр гаргаж өгсөн. Тэр үед охин чинь нэг л их сэтгэл нь догдолсон хүн танийхаа аяглаж өгсөн сүүг бүгдийг нь уучихаад дахиад уулзахгүй ч байж магад гэж хэлэхэд чинь нөгөө л загинадагаараа загинаж намайг иртэл хүлээж байна шүү гэж тушаалаа буулгачихаад явж билээ.

Дөрвөн сарын дараа ах минь утасаар яриад танийг минь тэнгэрт одсныг хэлэхэд юм л бол усан нүдэлж байдаг уяхан охин чинь уйлаагүй зүгээр л худлаа гэж бодсон, ах маань намайг ухаажиж том хүн болоосой гэсэндээ айлгаж байна гэж л бодсон... зүгээр л итгэхийг хүсээгүйдээ охин чинь уйлаагүй ... харин өнөөдөр... өнөөдөр охин чинь үнэнд эрхгүй сөгдлөө, бас танийхаа өмнө түмэнтэй уучлалт хүсэвч хожимджээ гэдгээ ухаарлаа...

Охиноо ажил хийгээд гэртээ мөнгө явуулсанд аав минь сэтгэл нь амарч дээ, хүнд өвчинтэй жил шахам тэмцэхдээ та минь охиноосоо юу ч хүсээгүйгээр барахгүй өөрийн сүүлчийн зоосоо хүртэл зориулан, охиноо амьдралийн замд нь баттай хөтөлж оруулчихаад өөрөө эх нутгийнхаа зөөлөн хөрсөнд шингэн оджээ. Охиных нь явуулсан тэр л арван мянган төгрөг охинтойгоо холбогдох суулчийн горидлогийг төрүүлж байсан ч юм уу, аль эсвэл охиныхоо хөлс хүчээ дуслуулан байж олсон мөнгийг үрэхгүй гэсэндээ ч юм уу та минь түүнийг гартаа тас атгасан байж ....

Аавтай дурсамжууд ар араасаа хөвөрсөөр танийгаа баярлуулж байснаасаа илүү гомдоож, хүлээлгэж, уурлуулж байсан нь их юм даа. Нутагтаа очиход аав минь байхгүй гэж бодоход буцмааргүй...

Ааваа та охиныхоо хүсэл бүхнийг биелүүлдэг байсан ш дээ, яагаад “Охиноо хүлээгээрэй!” гэсэн энэ л хүсэлтийг минь биелүүлсэнгүй вэ!

Хүсэл бүхнийг биелүүлэгч аав минь та одоо дэргэд байхгүй, хэн миний хүслийг биелүүлэх билээ? Охинд чинь зөндөө хүсэл байна… Таньдаа 6 сар битгий хэл 6 жилийн чинь тэтгэвэрийг өгмөөр байна. Таньтайгаа үргэлж хамдтаа байж хүссэн амттанг чинь авч өгмөөр байна. Танийгаа яг л энд асарч байгаа настан шигээ гар дээрээ өргөн асарч халамжилмаар байна.

Эргүүлж болохгүй цаг хугацааны эргүүлэгт

Эцгийн сайхан хайрыг тань би гээчихэж

Энэхэн бие ээ элээж хичнээн гуйгаад ч

Эргэж ирэхгүйгээр та минь холын холд явчихаж

Буцаад очиход минь та минь үгүй ч

Буянтай нутгийнхаа халуухан хэвлийд

Булбарай охиныхоо ухаан санаанд

Бурханлиг эрхэм сургааль үгсээрээ

Сар жилээр үргэлжид холбоотой оршино

Эргээд очиход минь та минь байхгүй ч

Эх нутгийнхаа зөөлөн хэвлийд

Энхрий охиныхоо зүрх сэтгэлд

Эгнэшгүй сайхан хайраараа

Мөнхийн мөнхөд үүрд хамт байна