Saturday, December 15, 2007

Цав цагаахан цаснаар
Цангинасан инээд цацруулан
Алхаж байна гэж зүүдэллээ
Хажууд минь хайртай тэр минь
Ханхар цээжээрээ наланхан
Хорвоогийн хамаг жаргалыг
Хонгорхон зүрхэнд минь шивнэн
Хөтлөлцөнхөн алхаж байна гэж зүүдэллээ
Амьдралын яг л тэр агшинийг
Ялгуун зүүдэндээ би яг хэвээр нь үлдээгээд
Өнгөт орчлонгийн нэгээхэн зайд
Өнчин ганцаар сэрлээ
Үгүйлэх их орчлонгийн өчүүхэн зайд
Үнэн гэж хэрвээ байдаг бол
Уугаас хайртай түүнтэй минь
Уулзуулж өгөөч намайг гэж
Шинэхэн орсон цасны
Ширхэг бүрт нь би хүслээ
Шивнэж орхимоор санагдлаа

Хэзээ нэгэн цагт хоёуулаа
Хөтлөлцөнхөн алхах болноо
Чи минь л хүлээ
Хэврэг цасан тэгэхэд
Хайлсан байх болноо, тэр цагт
Харин зүрх минь чамайгаа
Хайрласаар байх болноо
Чи минь итгээрэй

Saturday, December 8, 2007

Чи минь наддаа ирээч дээ

Амраг минь наддаа ирээч дээ
Алагхан зүрхийг минь догдлуулаач дээ
Аяншиж туйлдсан биенд минь
Амтат дарсаа зутгаач дээ
Алдрай багахан насанд минь амжиж
Аугаа хайрыг мэдрүүлээч дээ

Хонгор минь наддаа ирээч дээ
Хосгүй жаргалыг бэлэглээч дээ
Хөнжлийн минь сэжүүрийг сөхөөд
Хөнгөн гунигийг минь хийсгээч дээ
Хүүхэн хонгор биеийг минь
Хөндөж, эзэн суугаач дээ

Би чамайгаа мэдрэхийг хүсэж байна
Бие сэтгэлээ эзэмдүүлэхийг хүсэж байна
Бүлээн амьсгалд чинь дулаацахыг хүсэж байна
Бүхий л биеэрээ шатахыг хүсэж байна аа

Чи минь наддаа ирээч дээ
Чихэнд минь хүслээ шивнээч дээ…….

Tuesday, November 27, 2007

Үнсье чамайг би үнсье

Үнсье чамайг би үнсье
Үүрд минийх болооч гэж гуйхгүй ээ
Үнэр ялдам уруулын чинь балыг
Үүрэглэх шөнийн зүүдэндээ ч мартахгүйгээр үнсье
Духан дээр чинь дурлалын тамга
Дурайтал ганцыг дарж үнсье
Уруул дээр чинь учирлын учиг
Удаа дараа зангидан үнсье
Хүзүүн дээр чинь уруулын минь хээ
Хундан зүүлт болтол нь үнсье
Цээжин дээр чинь уруулынхаа дэлбээг
Цэн цэнгээр цэцэглүүлэн үнсье
Булиа гар, булчин шөрмөс
Байгаа бүхий л сайхан бүхэн дээр чинь
Байж ядсан тачаангуй үнсэлтээ
Баталж дээр дээрээс нь үнсье
Үдшийн бүрийгээс үүрийн гэгээ ортол
Үнсье чамайг би үнсье
Уруулын булчингаа эцэж цуцтал
Урд нь үнсэж байгаагүйгээрээ өнөөдөр л үнсье
Дараа дахин уулзахгүй юм шиг
Дахин дахин шуналтайяа үнсье
Үнсээд чамайг уярааж чадахгүй юм бол
Үнэндээ энэ уруулаар би яахын
Ийм л үнсэлтэнд сөгдөхгүй юм бол
Эр хүн байгаад чи яахын
Үнсье би чамайг үнсье
Яг одоо хэзээ ч байгаагүйгээр
Янаг тачаангүйгээр ганц л үнсье

Sunday, November 25, 2007

Хүний нутгийн намарыг хоёронтоо угтаж
Хүсэл мөрөөдөл хоёроороо жигүүр хийж явна аа
Хүслэн болсон эх орон минь хүлээ
Хөгшин болсон ээж минь та охиноо хүлээ
Намар намартаа навчисаа гөвдөг моддын адил
Нас насандаа гунигаа гээгээд би очино оо
Айргаа сөгнөөд нутаг минь хүлээ
Аалиа дэлгээд ээж минь та хүлээ
Өнчин дэрэн дээр өнгөрүүлэх хоногуудын тоо цөөрч
Өөдөсхөн охин чинь нутагаа зорино оо
Эрдэм эрдэмийн дээдийг өвөрлөөд
Ээждээ охин чинь удахгүй очино оо

Ойрд ээжийгээ маш их санаж зүүдлэх боллоо. Ээж минь их настай хүн л дээ. Аав минь намайг энд ирсэний дараахан өнгөрсөн. Надаас хэзээ ч ээж аав эх нутагийн тухай шүлэг төрөхгүй юм байна. Хичнээн сайхан үг байгаад ч тэднийг маань бүрэн илэрхийлж чадахгүй байх шиг. Чадахгүй байж тэднийгээ тэгэж гутаагаад яахав гэж бодоод энэ тухай сэдвээс үргэлж зугтаадаг.... Гэхдээ нээх сайхан нутагтаа очоод.... нээх сайхан ээждээ эрхлээд .... сууж байх юмсан даааа..........

Wednesday, November 14, 2007

Утасаар ярьж хүүхэн найрдаг учиртай гаруудад

Танихгүй мөртлөө утас цохиж
Тал бүрийн асуулт асуусан
Танхай муу гар
Утасны дугаарыг минь хэнээс авснаа
Учирлаж ердөө хэлж өгдөггүй
Гүргэр муу гар
Залгаж өөрөө утас цохичихоод
Заабал надаар сонин яриулах гэдэг
Зайтай муу гар
Олон юм ярьж хошигруулж байгаад
Онгод хүслийг минь хөгөлчихдөг
Овоо муу гар
Хөөргөж онгиргон, хошигнож шоглоод
Хөх инээдийг минь хааяа хүргэдэг
Хөгжилтэй муу гар
Тоймтой хэдэн үг хэлчихээд
Толгойг минь эргүүлчихдэг
Тоглоомтой муу гар
Хэд хоногоор сураггүй болчихоод
Хэнэгч үгүй эргээд залгадаг
Хөгийн муу гар
Ханьтай гэж хэнэггүйхэн хэлчихээд
Хамтдаа кино үзнэ ээ гэж намайг найрдаг
Хогийн муу гар
Үр хүүхэдтэйгээ гайхуулах хэрнээ
Үг өдөж өөр хүүхэн найрсан
Өөдгүй муу гар
Яваад очино, төдийд өдийд гэж
Явдал чирэгдэл надад учруулсан
Хулхи муу гар
Янз үзэж олон юм яриулчихаад
Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй
Янзын муу гар
Олон газраар дэмий тэнэж
Овоо юм үзэж нүд тайлсан
Онгироо муу гар
Нойроо сэргээх гэж
Намайг ашигладаг
Новшийн муу гар
Замын хань болгож
Замбараагүй яриа өддөг
Зайлцан муу гар

Тэр бүгдийг нь мэдсээр байж
Тэгэхээс тэгэх гэж чамтай ярьдаг
Би тэнэг гар аа

Monday, November 12, 2007

Дурла залуу минь надад дурла

Залуу минь чи надад дурла
Зүрх сэтгэлээ бүү харамла
Хайртай гэдгээ битгий нуу
Халуухан зүрхээ надад тушаа
Зөвхөн надад л үхтлээ дурла
Зүггүй зүрхээ бүү амраа
Хагацахгүй гэж амлах хэрэггүй
Халуухан энгэртээ л чанга тэвэр

Хонгор минь чи надад дурла
Хорин хэдхэн насыг минь
Холдож одохоос нь өмнө дурла
Уруулын минь өнгөнд унаж дурла
Ухааны минь уудамд аялаж дурла
Бэлхүүсний минь нарийханд биширч дурла
Биений минь уянд хайлж дурла
Нүдний минь харцанд ээрэгдэн дурла
Нүцгэн биеэнд минь умбаж дурла

Дурла залуу минь надад дурла
Дурлал хайранд чинь үйж үхье би!!!

Thursday, November 1, 2007

Харамсалтай яа!!!

Чи надад дурласан гэв үү
Чимээгүйхэн надад татагдсан гэв үү
Чөлөө завгүй боддог гэв үү
Чимээ чагнан хүлээдэг гэнэ үү

Би чамайг хайрлахсан гэх
Битүүхэн чамайг мөрөөддөг гэх
Бодолдоо аргамжиж өнждөг гэх
Богинохон шөнөдөө зүүдэлдэг гэх

Бид бие биендээ тэмүүлдэг гэвч
Бурханы зурснаар явдаг гэх
Бүтэхгүй учирлаа зөгнөдөг гэвч
Бүлээн биесээ шатаадаг гэх

Хойшдын амьдралаа зөгнөдөг гэх
Холын жаргалыг мөрөөддөг гэвч
Хорвоогийн жамыг дагадаг гэх
Хоосон хүслээр жигүүрлэдэг гэх
Харамсалтай яа!!!

Sunday, October 28, 2007

Нүд уруу минь чи эгцэлж битгий хар

Нүд уруу минь чи эгцэлж битгий хараа
Нугэлээ чамаас нууж чадалгүй дальдчиж мэднэ
Цоо ширтсэн харцаараа чамайг цочоочихож мэднэ
Цомирлогоо хумих цэцэг шиг гундчихаж мэднэ

Эрвээхэй алаг нүдтэй гэж эндүүрч битгий бодоорой
Давхараатай алаг нүдтэй гэж андуурч битгий санаарай

Нүд уруу минь чи эгцэлж битгий хараа
Нүүрэмгий зандаа чамайг дасгачихаж мэднэ
Дэрвэгэр урт сормуусаараа дэгээдчихэж мэднэ
Дэнслээд урсах нулимсандаа торгоочихож мэднэ
Дэндүү намуухан харцандаа уусгачихаж мэднэ

Thursday, October 25, 2007

Амьдралын жинхэнэ утга учир юунд оршдгийг
Анд минь чи надад хэлж өгч чадахгүй биз
Алтан дэлхийд хүн болж төрсөнд үү
Аав ээжээ баясган үр нь болж төрсөнд үү
А үсэг заалган эрдэм ном сурсанд уу
Амттаны дээдийг идэж жаргаж цэнгэхэд үү
Амраг хайртайгаа учирч хайрын галд шатахад уу
Хувцасны дээдийг өмсөж хүний нүд баясгахад уу
Эдийн сайныг эдэлж энэ биеээ гоёоход уу

Амьдралын жинхэнэ утга учир юунд оршдгийг
Анд минь чи надад хэлж өгч чадахгүй биз
Ашдын сайхан ханиа гээд
Аавын хүүтэй ханилахад уу
Алаг сайхан үрсээ тэврээд
Амьдын жаргал эдлэхэд үү
Алаг хорвоогийн гайхамшгийг мэдэрч
Алтан дэлхийгээр хэсүүчилэхэд үү
Ажлын мал шиг өдөржин зүтгэж
Алд бие ээ зогооход уу....

Амьдралын жинхэнэ утга учир юунд оршдгийг
Анд минь чи надад хэлж өгөөч !!!!

Wednesday, October 24, 2007

 Cool Graphics at RevolutionMySpace.com
MySpace Layouts & MySpace Graphics
Бурхан минь дээ чи миний энэ зүрхийг яаж л орхив доо
Булиглан догдлоод бяцхан цээжиндээ багтахаа болилоо
Бусдын эрхэнд байгаа ч өөрийн хүслээр
Буцаад чамруугаа очмоор болохын

Залуу минь дээ чи миний энэ зүрхийг яаж л орхив доо
Залуургүй завь шиг хаа хамаагүй савчаад байх чинь
Замбуулин хорвоогийн хайр гэдэг нь энэ юм болов уу
Зүгээр л саваагүй зангаар савчиж байна уу энэ муу зүрх

Хонгор минь дээ чи миний энэ зүрхийг яаж л орхив доо
Ховдолдоо цусаа багтааж ядан цовхчоод байх юм
Хоёр хацар минь халуу шатаж төөнөөд
Хорвоогийн жаргалд ухаангүй ихээр тэмүүлэх чинь

Тэнгэр минь дээ чи миний энэ зүрхийг яаж л орхив доо
Тэнхээ мэдэн дэлдчээд эхлэх чинь
Тэнэмэл сэтгэлээ тогтоон барьчихаад
Тэнгэрийн доор чамтайгаа учирахаар очих минь хурдхан



Tuesday, October 23, 2007

УРУУЛ

Уруул гэдэг эрхтэн угаасаа янаг эрхтээн
Уяхан чиний чихэн дээр
Учиргүй халуу төөнүүлэн
Хамаг биеийг чинь арзайлган
Хачин болгодоггүй гэж үү тэр УРУУЛ
Хонгорхон чиний хүзүүн дээр
Хонхон цэцэг шиг дэлгэрч
Хорвоогийн нэгэн жаргалын
Хаалга үүдийг нээдэггүй гэж үү тэр УРУУЛ
Цэвэрхэн чиний цээжин дээр
Цэцэг шиг дэлбээгээ нээж
Цэн цэнгийн жаргалыг
Цэцэглүүлдэггүй гэж үү тэр УРУУЛ
Яанагхан минь дээ чи энэ уруулыг
Яасан удаан өнчирүүлнэ вэ
Яг одоо уруулыг минь чи аваа
Ялдам үнсэлтийг ханатал нь бэлэглээ

Thursday, October 18, 2007

Хааяа хааяа би хачин их уйлах дуртай
Хацар даган урсах нулимсаа
Хаа хамаагүй шударч арччихаад
Хамраа шуухитнуулан мэгших дуртай
Халуухан тэр нулимастай минь хамт
Хорсол гуниг минь урсан гардаг юм

Гэнэ гэнэхэн хачин их уйлах дуртай
Гэрээ саналаа гэж ээжийгээ айлган
Гэнэтхэн яваад очино шүү гэж
Гэрийнхнийгээ сандарган
Галзуу юм шиг уйлах дуртай
Гашуун тэр нулимастай минь хамт
Ганцаардал гуниг минь урсан гардаг

Хэн нэгнийг учиргүй өрөвдөн
Хэтэрхий их уйлах дуртай
Хэнхдэг цээжиндээ хуралдсан гунигаа
Хуу хаман гаргах дуртай

Харин дараа нь...
Хавганасан нүд
Халтайсан царайгаа хараад
Хэ хэ хэ хэ хэ хэ ........ баясах дуртай гэж

Tuesday, October 16, 2007

Зам аа гэж

Зүгээр л би алхаж явна
Зөрөг замаар зөн мөрөөдөлдөө хөтлөгдөн
Энэ зам хаа хүрэхийг мэдэхгүй
Эцэс төгсгөл бий эсэхийг ч мэдэхгүй
Зүгээр л би алхаж явна
Зөрж өнгөрөх олныг харах төдий л
Мэндлээд өнгөрөх нэгэнтэй мэнд мэдэх төдий л
Би алхаж явна аа
Энэ зам ер нь хаа хүрэх юм бол
Энхрий чам дээр минь очих болов уу?
Аль эсвэл чиний минь явдаг замтай
Аль нэг хэсгээрээ огтлолцох болов уу?
Хэзээ энэ замаар алхаж эхэлсэнээ мэдэхгүй
Хэзээ энэ замаас гарч зогсохоо ч мэдэхгүй
Би алхаж л явна
Эргэж ч харалгүй алхаад л байна
Эргүү мал шиг хаашаа ч юм яваад л байна
Зөрж өнгөрөх хосыг хараад
Зог тусан зүрхээ чагнаж
Зүгээр л алхаж явна аа би
Уртын урт энэ зам
Угтаа чи бидэн хоёрын
Учирлын зам байсансан
Харин одоо хагацлын зам
Хахир хатуу хорвоогийн хайрган зам
Зөвхөн урагшилахыг л хүссэн
Зөрүүд гөжүүд зам болжээ

Алхаад л байхаас амьдралын энэ хурдны замаар
Анхааралтай л явахаас чиний минь нэртэй гарц өнгөрчих вий дээ

Monday, October 15, 2007

Алаг нүдэн чинийхээ
Алиахан аашинд эрхлэхсэн
Амраг минь болооч гэж
Аярхан чихэнд чинь шивнэхсэн
Сарны дор эрхлэн
Сайхан биесээ жаргаахсан
Бүлээн уруулыг минь чи
Бүхлээр нь ч хамаагүй ид
Бүрэг ичэмтгий зангаа
Бүр мөсөн энд би гээмээр байна
Дурлалын бурхад нь эвээвэл тэгээд
Дуулим хорвоог хамтдаа туулцгаая





Нээрэн нутгаа л их санаж байна
Нэг л их сонин нэг юм дээш огшоод уйлах нь ээ
Санасан сэтгэл нулимас болоод урсчих ч биш дээ
Сайхан нутагтаа санаан зоргоор оччих ч биш дээ
Самсаа шархируулан санаа алдан бодохоос л хэтрэхгүй нь
Санаж байна шүү санаж байна
Сайхан эх орон минь чамайгай
Сэтгэл зүрхэндээ эгнэгт тээж явна аа охин чинь

Wednesday, October 10, 2007

Дурлаад л өнгөрөх сэтгэлд
Дуу би аялмааргүй байна
Ирээд буцах хайранд
Итгэлээ би өгмөөргүй байна аа
Зүгээр л хоёулаа дурлахгүйгээр үнсэлцье
Зүрх сэтгэлдээ хайр тээлгүй янаглая

**************
Янагийн баланд мансуурч хэвтэхэд
Ядам хуруунд минь бөгж цохихгүй
Ялдам танхил биенд минь хувцас цохихгүй
Янагийн ягаахан уруулд минь
Ямар ч амттан цохихгүй ээ

**************
Хайрламааргүй байна би хайрламааргүй байна
Хөндүүр зүрхэндээ хайр дахин тээмээргүй байна
Дурламааргүй байна би дурламааргүй байна
Дундуурхан сэтгэлдээ дурлал дахин тээмээргүй байна аа

Monday, October 8, 2007

Сэрүүн зүүдэнд минь чи
Сэтгэлээ тээгээд ирдэг
Сэрээд чамайгаа мэдэрью гэхээр
Сэмхэн алга болчихдог
Унтах нойронд минь чи
Учирал тээн ирдэг
Уруул дэлгэн үнсэхэд минь
Учиргүй нялхарсан шиг санагддаг
Мандах нарыг хараад яаран би сэрэхгүй ээ
Маргаашийн учирлыг зөгнөн орноосоо өнөөдөр босохгүй ээ
Гэгээтэйд зүүдэлсэн зүүд зөнтэй байдаг гэнэлээ
Гэнэтхэн чи минь наддаа хүрээд ирэх ч юм бил үү
Гэнэхэн насны минь хүслийг
Гүйцэлдүүлж өгөх ч юм бил үү
Яадгийн бэ би өнөөдөр орноосоо ердөө ч босохгүй
Янагийн халуун энгэрийг хөлрөөж зүүдэлсээр өнжье
Ялгуун саран мандахад тэр минь наддаа ирнэ ээ

Saturday, October 6, 2007

Өнчин дэрэн дээр өрвийгөөд яахав
Өнгийн сэтгэлээ гундаагаад яахав
Гарья гадаа, хаашаа ч яахав
Ганцаардал чамайг өрөөндөө
Ган хийтэл цоожилж орхичихоод
Гарья аа би гадаа гарья
Ганцаардал чамайг яах вэ
Ганц сайн хашрааж өгнө өө
Дөрвөн хананы дунд чи өөрөө
Дөмбийтөл суух гээд үз л дээ
Дүрсгүй занг минь мохоож
Дүрэмдэж загинахыг чинь харья л даа

Тэгэхдээ би ганцаардал чамайг
Тэр чигт нь мартчихаж чадахгүй ээ
Тэмдэглэлийн дэвтэрээ хааяахан нээж
Тэнэгхэн ганцаардлаа заавал дурсана аа
Үе үехэн чам дээр зочилж
Үелзэх сэтгэлээ онгойлгох болно оо
Харин одоо л хэсэгхэн хугацаанд
Хөөрхий намайг түр орхиоч

Цэлэлзэн долиглох далайн мандал
Цээжин дотроос минь бүгдийг гаргаад
Цэвэрхэн агаараар сэтгэлийг минь дүүргэж
Цоо шинээр амьдрах, сэтгэх
Цоглог хүслийг төрүүлж байх юм
Одоо би ганцаараа биш ээ
Оргилуун хүсэлдээ олуулаа боллоо

Wednesday, October 3, 2007

Заримдаа зүгээр л

Заримдаа зүгээр л дарс уугаад
Заримдаг энэ хорвоогоос тасарч
Зах хязгааргүй алсад очихыг хүснэ

Хааяа хааяа дарс уугаад л
Хогийн энэ хорвоогоос холдож
Хачин өөр мөрөөдлийн ертөнцөд зочилохыг хүснэ

Үе үехэн дарс уугаад л
Үмхий энэ орчлонгоос зайлж
Үүлэн дээгүүр хөвмөөр санагдахийн

Яадгийн бэ би дарс ууж хөлчүүрэх дуртай
Янагийн баланд шунах бүүр дуртай

Monday, October 1, 2007

Би авахыг л хүснэ

Би хашиграагүй ээ дуулж байна аа
Би хашираагүй ээ дахин дурлаж байна

Олон олон дурлалуудад оногдож
Онгойж цоорсон зүрхэнд минь
Оногдох зай дахиад л
Олон олон байгаа юм байлгүй дээ

Би уйлаагүй ээ инээмсэглэж байна
Би уяраагүй ээ дахин дурлаж байна


Зовж л олдсон дурлал минь гээд
Зоргоор нь тавиж чадахгүй юм аа
Зочилж түүндээ очьё гэхээр
Зоримог хүсэл минь мохох юм аа

Би айгаагүй ээ зүгээр л залхаж байна
Би алдахгүй зөвхөн авахыг л хүсэж байна

Яадгийн бэ чи хүнийх байсан ч хамаагүй
Ялдам энхрийлэлийг надад бэлэглэж л байвал болоо
Янхан гэж дуудуулаад ч хамаагүй
Янзын энэ хорвоогоос авах ёстойгоо бүгдийг нь авна

Би галзуураагүй ээ ганцаардаж л байна
Би гундахгүй ээ улам л цэцэглэх болно оо

Sunday, September 30, 2007

Нээх сайхан хайрлахсан
Нээх сайхан хайрлуулахсан
Нимгэн хувцастай хамтдаа зугаалж
Нүд юуг чинь баясгахсан
Нээх сайхан үнсэхсэн
Нээх сайхан үнсүүлэхсэн
Нэрээр минь дуудаад
Надад эрхлэхийг чинь харахсан
Ухаан алдталаа дурлахсан
Учиргүй ихээр дурлуулахсан
Урд хойно чинь эргэлдэн
Уяхан биеээ гайхуулахсан
Зүгээр л ганцхан удаа үнсүүлэхсэн
Зүрхээ амьд эсэхийг мэдрэхсэн
Янаг дурлалын балыг дахин дахин амтлахсан
Янагш олон олон жилийг дурлал хайраар мялаахсан

Thursday, September 27, 2007

Зүгээр л намайг март

Зүгээр л намайг март
Зүрх сэтгэлээсээ хөө
Зуурдын учирал байсан гээд
Зүүд нойрноосоо арч
Саваагүй хүслийн минь золиос болж
Шаналах хэрэггүй ээ
Санаандгүй учирал байсан гээд
Санаа бодлоосоо таягд
Эгцэлж битгий над руу хараа
Эр хүний нулимастай нүдэнд
Ээрэгдэх хүсэл надад алга аа
Элдэв мөрөөдлөөсөө ч үлдэн хөө
Хоромхоны учиралд бүү хуурт аа
Хожмын амьдралдаа бүү багтаа
Зүрхээ надаар гинжлүүлэхээсээ өмнө
Зүгээр л мөрөө хөө
Алдсан алдааны чинь
Ав-гай болж би суухгүй ээ
Арчаагүй амьдралын боол болж
Айлын эхнэр би болохгүй ээ
Зүгээр л надаас яваад өг
Зүгээ хэлэлгүй арилж үз
Зөн совин чинь чамайг хуураагүй ээ
Зөрүүд намайг зүгээр л хаячих
Гэрийн чинь зайг дүүрэн болгох
Гэргий чинь болохгүй ээ
Гэнэ гэнэхэн чам дээр зочилох
Гийчин больё оо би

Sunday, September 23, 2007

Төрийн төлөө огтоно боож үхнэ гэгчээр
Төр засгийн мэдээ сонсоод
Толгой минь эргэж
Тэрийг ч энийг ч үзэн ядаж
Тэнэгтэж байна би энд
Уруу дорой нэгний
Унхиагүй амьдралыг хараад
Усан нүдэлж сууна би энд
Хэн нэгний хийсэн
Хийц муутайхан хошигнолыг үзээд
Хий дэмий л инээхчээ аядаж
Хийрхэж сууна би энд
Хорвоогийн амьдралыг интэрнэтээр төсөөлж
Ховсдуулсан юм шиг компьютэрийнхээ өмнө
Өдөржин сууж байна би энд
Ганцаардаж байна би ганцаардаж байна
Галзуу улаан дарсыг
Ганц амьсгаагаар хөнтөрчихөөд
Галзуурал руу явж байна би

Saturday, September 22, 2007

Чинийхээ төрсөн өдөрт

Хайртай чинийхээ төрсөн өдөрт
Халуухан биеээ гоёоод очино
Хаалгыг чинь зөөлхөн тогшоод
Хана налан ичингүүрэн зогсоно

Амрагхан чинийхээ төрсөн өдөрт
Ариухан биеээ чимээд очино
Айзам яруу бүжгийн хэмнэлд
Алаг нүдээ дэрвүүлэн өднө чамайгаа

Хонгорхон чинийхээ төрсөн өдөрт
Хосгүй биеээ гайхуулан очино
Харанхуйн дунд уусан тэмүүлж
Хоёр биений жаргал бэлэглэнэ

Нүд, уруул, хүзүү цээж
Нүгэлгүй бүхнээ чамдаа бэлэглэнэ
Нэг насны жаргал амтлуулж
Нэжгээд шөнийг хамтдаа өнгөрүүлнэ

Чинийхээ төрсөн өдөрт
Чамдаан би өөрийгөө бэлэглэнэ
Чамин ганган бэлэг сэлтгүй
Чармай нүцгэн очино яадгын

Friday, September 21, 2007

би хүлээж байна

Чамайгаа би хүлээж байна
Хүлээлт гэдэг тэвчээр юм байна
Хүсэл гэдэг шалгуур юм байна
Өөрөөсөө ч өөрийгөө харамлан
Өндөг шиг даран хүлээж байна
Цаг хугацаа гэдэг уртын урт
Цаглашгүй хүнд даваа юм байна
Энэ өдрийн дараа бас нэг өдөр
Энэ сарын дараа бас нэг сар
Энэ жилийн дараа дахиад нэг жил
Тэгээд л би чамтайгаа учирна
Тэр өдөр харин уртын урт өдөр байгаасай
Хүлээлт гэдэг жаргал ч юм уу
Хүсэл гэдэг зовлон ч юм уу
Жаргал зовлон ээлжилж байгаа цагт
Жамаараа бүх юм цаг хугацаандаа ирнэ биз ээ

Thursday, September 20, 2007

Би явлаа

Зүгээр л би чамаас явлаа
Зүрх сэтгэлээ аваад явлаа
Зүггүй гэнэхэн хайр минь
Зөрж дургүйцэх хэрэггүй дээ
Хайртай бүсгүйн чинь өврөөс
Хулгайлж авсан өдрүүдийг март
Хайрлахгүй байж чадахгүй нь гэж
Хайнгадуу хэлсэн үгийг чинь мартна аа
Хүлээх хэрэггүй дээ би чамаас явлаа
Хүсэл мөрөөдлөө аваад явлаа
Хүнийх болсон сэтгэлийг чинь
Хүчирч дийлэхгүйдээ харуусаад буцлаа
Би ингээд бүр мөсөн явлаа
Болчимгүй гэнэхэн хүслээ хориод
Бодлогогүй хийсэн алхмаа зэмлээд
Биэ сэтгэлээ аваад явлаа
Өөрийн болгож чадахгүйгээс хойш
Өрөвдөж битгий хайрлаарай
Өр зүрх минь өвдөж ханалаа
Өнчин дэрэн дээр уйлж цөхөрлөө
Хожимдож учирлаа даа гэж
Хувь заяандаа гомдох хэрэггүй ээ
Болох л юм болоод өнгөрсөн гээд
Бодолдоо хайрлан жаргалтай амьдар даа
Өрөөлийн жаргалаас хумсалж амьдрах хүсэл алга аа
Өөрийнхөө хайрыг хайхаар явлаа
Би эндээс нэг мөсөн явлаа

Wednesday, September 19, 2007

Зүгээр л........

Хайртай гэдэг үгийг
Хаа хамаагүй битгий чулууд
Хааяа хааяахан амтат чихэр шиг
Харамлаж бага багаар өг
Хаа нэгтээ чиний хайрыг
Хачин ихээр хүлээсэн бүсгүй
Хамаагүй шидсэн үгэнд чинь оногдоод
Хөөрхий зүрхээ өвтгөж мэднэ ээ

Thursday, September 13, 2007

Чамайг орхиод гарсан тэр өдөр
Чамд юу үлдээснийг минь мэдэх үү чи
Нялх багын минь гэгээн хайр
Нулимастай чинь хамт залгигдаж үлдсэн
Хүүхэд насны минь цангинасан инээд
Харцны чинь тольтод хорогдон үлдсэн
Хүүхэн биений минь танхилхан үнэр
Хамрын чинь үзүүрийг гижигдэн үлдсэн

Намайг, чамайг орхиод гарахад
Надтай хамт юу явсныг мэдэх үү чи
Мөдхөн эргэж уулзах мөрөөдөл минь
Мөнхөд хайрлах хүсэл минь
Хэнд ч өгөөгүй бие минь
Хэлж амжаагүй хайрын үгс минь
Надтай цуг явж одсныг мэдсэн үү чи

Wednesday, September 12, 2007

Би хүсэн, хүлээж, шатаж, асаж байна

Халхын сайхан эр чиний
Ханхар цээжийг хүсэж байна би
Давхраатай алаг нүдээрээ
Даллан дуудахийг чинь хүлээж байна би

Би хүсэн, хүлээж байна

Ховорхон төрсөн залуу минь
Хайрлан дурлахыг чинь хүсэж байна би
Эргэн, эргэн надруу хараад
Инээмсэглэхийг чинь би хүлээж байна

Би хүсэн, хүлээж байна

Янаг хонгор залуу минь
Ялдам энхрийлэлийг чинь хүсэж байна
Үс гэзэгээр минь оролдон
Үнгэж ноолохыг чинь хүлээж байна

Би хүсэн, хүлээж байна

Зоримог хонгор залуу минь
Зочилон ирэхийг чинь хүлээж байна
Халуун энгэрт чинь хөлөрч
Ханахыг мэдэхгүй жаргахыг хүсэж байна

Би хүлээн, хүсэж байна

Даруухан эгэл хонгор минь
Дурлахыг чинь би хүлээж байна
Бусдын энгэрээс ч хамаагүй
Булаах хүсэл төрж байна надад

Би хүлээн, хүсэж байна

Хүлээлт гэдэг хүлгийг
Хүй татаж хаяад
Хүсэл гэдэг тачаалыг
Хүмүүн биенээсээ зайлуулмаар

Би шатаж асаж байна аа

Sunday, September 2, 2007

Борхон зүрхээр минь цус урсана
Богинохон ухаанд минь бодол хөвөрнө
Бодоод бодоод бодол ухаанаа төвлөрүүлж чадахгүй нь
Санаад санаад саруулхан дүрийг чинь эвлүүлж чадахгүй нь
Ямар ч л гэсэн сайхан хүн
Яахын аргагүй сайн хүн
Яагаад ч гэсэн эргэж ирэхгүй
Яруухан дүр чинь сэтгэлд үлдэг дээ

Saturday, September 1, 2007

Erdenebayar (2007-08-07 21:46:26)
Zus goyhon ohidiin ulemj tansaghan bie
Zurh setgel buhniig ni esemdehiig bi husdeg
huhniih ni tovchind bi tsamtsniih ni tsaanaas nud unagadag
hyazgaargui husemjilsen hartsaar ohidiig bi tsoo shirtdeg
haayaa haayaahan uy uyhen yag tiim hartsaar
hen negen busgui namaig shirtehiig mederdeg
Haluu shatsan setgeliig ni bi denduu sain oilgodog
Hanatlaa unseltsej tsengeh husel hen hend ni baidag
Ongod oro serel turuh hen geniig huseh ni
Orchlongiin jam hoino tuunees nuur buruulaad yahav
bureg setgeldee hutlugdun uuriiguu horiod yu gehev
Buur martagdahgui dursamj chamd negiig uldeey!
Busgui mini chi naash iree ..................... Oyunaad

Hariu

Эрхэмсэг зан эрдүү хүслээ гээгээд
Энхрий чамруу тэр очиж явна
Бүрэг сэтгэл, бүсгүй аалиа гээгээд
Бүсгүй, чамруу очиж явна
Нүүрэн дээрээ нүүр зураад
Нүцгэн биен дээрээ хувцасны оронцог углаад
Ичих нүүрээ элгэндээ хавчуулчихаад
Инээд алдаад очиж байна тэр
Мартах ч бай, мартахгүй ч бай
Магад чи тэрэнд дурсамж үлдээнэ
Маргааш нь харин чи оороо
Мал болтлоо хууртагдснаа ойлгоно оо

Friday, August 31, 2007

үнсэхсэн

Хайрт минь хань минь
Хан хорвоогийн өмөг түшиг минь
Амь минь амьдрал минь
Атгахан зүрхний эзэн минь
Эрхэлж чамдаа тунихсан
Энхрийлж чамайгаа үнсэхсэн

Үрс минь үндэс минь
Үгүйлэх сэтгэлийн шаналал минь
Охид минь олдошгүй эрдэнэс минь
Оломгүй хүслийн жолоо минь
Энгэртээ чанга тэврэхсэн дээ үрсээ
Энхрийлж жаахан ч гэсэн үнсэхсэн

Wednesday, August 29, 2007

Эрхэл дээ хонгор минь наддаа эрхэл

Эрхэл дээ хонгор минь наддаа эрхэл
Ихэмсэг зангаа гээгээд наддаа ирээ
Хайрын дээдээр хайрлан байж
Хацар юуг чинь таалан эрхлүүлье
Мөнгөн сарыг гайхуулан байж
Магнай юуг чинь илэн эрхлүүлье
Ховдог хүслээ даран байж
Хүзүү юуг чинь озон эрхлүүлье
Ханхар сайхан цээжин дээгүүр чинь
Хэл юүгээ гулгуулан эрхлүүлье
Нүцгэн биеээ дэлгэн байж
Нүд юүг чинь баясган эрхлүүлье
Байж ядсан хүслийг чинь дарж
Бумбат рашааныг чинь амтлан эрхлүүлье
Эрхэл дээ хонгор минь наддаа эрхэл
Эгэлгүй биеээ наддаа тушаа
Эр хүн эрхэлж болохгүй гэж
Эндүүрч хэн ч хэлээгүй л байлтай

Tuesday, August 28, 2007

Түүнтэйгээ уулзаж зүүдлэмээр байна

Зүүд чи өнгөтэй юм уу
Зөн совин дагуулдаг юм уу
Тэгвэл би өнөөдөр
Түүнтэйгээ уулзаж зүүдлэмээр байна
Зүүдлэх зүүдлэхдээ бүүр
Зүүргүй гэгээн алсад
Зөн совингийн оронд
Зорчиж байна гэж зүүдлэмээр байна
Хамгаас хайртай тэр минь
Халуухан янагийн үгсээ
Сарнай болгон дэвсээд
Саймширч байна гэж зүүдлэмээр байна
Цэлгэр эх орныхоо
Цэцэгт хөндийд очоод
Цэвэрхэн түүнтэйгээ хөтлөлцөөд
Гүйж байна гэж зүүдлэмээр байна
Зүүд чи өнгөтэй юм уу
Зөн совин дагуулдаг юм уу

Monday, August 27, 2007

Зүүдэндээ би чамтайгаа учирая

Зүүдэндээ би чамтайгаа учирая
Зүрхэндээ би чамайгаа багтаая
Ханхар цээжийг чинь налан зогсоё
Халуун энгэрт чинь эрхлэн жаргая
Унтах нойрондоо чамтайгаа учирая
Угтах ирээдүйг зөгнөн ярилцая
Уруул юуг чинь таалан үнсье
Учирахын ерөөл тавин үнсье
Шөнийн зүүдэндээ чамтайгаа учирая
Шүлэг юүндээ мөнхлөн сийлье
Энгэр цээжинд чинь асан тэмүүлж
Эрвээхэй адил бүжин таалья
Унтая даа унтая уяхан хонгор минь
Учирч зүүдэндээ хоёуул жаргая
Амраг чамтай минь учиран золгуулдаг
Амтат зүүдэндээ яаран очьё доо
Энхрий чи минь наддаа ир
Эмзэгхэн бие минь халуухан байгаа
Эцэж цуцахыг мэдэхгүй эрчтэй байгаа
Учирлаа даа чамтайгаа учирлаа
Унтах нойрондоо зүүдлэн учирлаа
Зүүдэндээ би чинь чамтайгаа учирлаа
Зөн совиндоо даатган учирлаа
Зүүд гэдэг агуу ертөнцийн
Зүрхэн талд нь чи минь байгаа

Saturday, August 25, 2007

Мэссэнжэрийн хонгорхон найз минь ээ

Зүгээр л чамтай танилцахыг хүснэ
Зүс зүсээ харалцахийг хүснэ
Зөрүүд зангаар мэтгэлцэхийг хүснэ
Зөн совингоо таахыг оролдоно
Буу хална, бурж алдана
Буруу зөвгүй хадуурч давхина
Санасан бодсоноо нуулгүй ярилцаж
Сайн найзууд болохийг хүснэ
Зүгээр л чамтай зугаацахыг хүснэ
Зүрх сэтгэлээ нээхийг хүснэ
Ганцаардсан сэтгэлээ зад тайтгаруулж
Галзуу найзууд болохыг хүснэ
Өдрийн ярилцсанаа шөнө нь хэрэгжүүлж
Өнчин дэрэн дээр зүүдэлж хононо
Булчин шөрмөсийг чинь сэтгэлдээ төсөөлж
Булиа энгэрийг чинь зүүдэндээ налж
Ганц шөнийг чамд зориулж
Галзуу хүслээ илчлэхийг хүснэ
Миний мэдэх хэрнээ, мэдэхгүй
Мэссэнжэрийн хонгорхон найз минь ээ
Хөөрцөглөж баярласан
Хөнгөн гунигт автсан үедээ
Хөтлөлцөөд алхахгүй гэхээс л
Хөгийн санагдаад байх юм аа

Бүх зүйл нэг хэвийн байхад би дургүй

Бүх зүйл нэг хэвийн байхад би дургүй
Бүтсэн ч бүтээгүй ч дурлаж бас дурлуулж
Бөөн адал явдалд орооцолдож
Үймүүлж, бужигнуулж
Үймээний эзэн гэж нэрлүүлж
Үнэн саак амьдармаар байна
Зуурхан ч гэсэн энэ амьдралаа
Зугаатай, зовлонтой, жаргалтай болгомоор байна
Хэн нэгэнд үхтлээ дурлаж
Хэврэгхэн зүрхээ өвтгөмөөр байна
Бас хэн нэгнийг өөртөө үхтэл нь дурлуулж
Биеэ тоож, гоочилж жаахан зовоомоор байна
Болж өгвөл энэхэн амьдралдаа
Болчимгүй алдаа хийчихлэгүй шиг
Боломжийн зугаатай өнгөрөөмөөр байна

Wednesday, August 22, 2007

Tuesday, August 21, 2007

Чамдаан би өөрийгөө хадгалана

Чамдаан би өөрийгөө хадгалана
Чихэр олоод хүүдээ хадгалдаг эх шиг
Чамдаан би өөрийгөө чихэр шиг хадгалана
Чиний минь үнэр эндээс л үнэртэг гээд
Чихний минь ойролцоо зөөлхөн үнэрлэдэг
Тэр л үнэрээ би яг хэвээр нь чамдаа хадгалана
Нүдэн дээр нь үнсвэл улам илүү хайрладаг гэнэлээ гээд
Нүгэлгүй сайхнаар үнсдэг байсан
Тэр л нүдээ чамдаа үнсүүлэхээр хадгалана
Зүрхэн хэлбэртэй сайхан уруулаараа
Зүйргүй сайхнаар үнсдэг байсан
Чинийхээ үнссэн
Биеийнхээ тэр хэсэг болгоныг
Байгаа чигээр нь чамдаа хадгалана
Чи минь наддаа ирээрэй

Анхны шөнө

Анхны шөнө анхны үнсэлт
Ариухнаас ариухан хайрын илэрхийлэл
Хөлөрсөн алгаараа хоёр хацарнаас минь зөөлхөн татаад
Духан дээр минь үнссэн тэр үнсэлт
Ариухнаас ариухан анхны үнсэлт байсан
Аугаа тэр үнсэлтийн үргэлжлэл болгож
Анхны шөнөө чамдаа зориулсан
Духнаас уруул хүртэл
Тийм хол зай байдгийг тэр шөнө мэдэрсэн
Тэмүүлсэн хоёр бие нийлж
Тэнд нэгэн бие болсон
Чичирсэн гар
Чинэрсэн бие
Чимээгүй гиншилт
Чимэг болон бөнжигнөх дусал нулимс
Чин сэтгэлийн угаас урсах хайрын үгс....
Үгээр илэрхийлэхийн аргагүй
Үнэн хайрын мэдрэмж....
Ай анхны шөнө
Янаг дурлалын үүд хаалгыг
Ягуухнаас ягуухан нээж
Янзаган биеийг минь нүцэглэж
Амьдралын бал бурмыг амтлуулсан
Анхны шөнө
Анхны шөнө, анхны үнсэлт
Аяар аяархан санаа алдуулсан
Аньсгандаа дусал нулимсан чимэгтэй
Анхны шөнө, анхны үнсэлт

Sunday, August 19, 2007

Итгэсэн дээ чамдаа би итгэсэн

Итгэсэн дээ чамдаа би итгэсэн
Инээмсэглэн байж хэлсэн үг бүхэнд чинь итгэсэн
Хорвоо ийм хуурамч гэж бодсонгүй
Хүний амьдрал ийм гунигтай гэж санасангүй
Амьдрал чи бид хоёрыг шалгасан
Аль аль нь тэр шалгуурт бүдэрсэн
Хормын төдий ч чамайгаа мартаагүй хэрнээ
Хоосорсондоо энэ муу зүрх
Хайртай даа чамдаа дэндүү хайртай байсан
Харин одоо тэр их хайр минь хаачсныг бүү мэд
Хайгаад би олохгүй нь
Итгэл гэдэг сэтгэлийн шалгуурт
Эмзэг сэтгэлээ шархлуулж дээ
Гайтай энэ шархыг эмчлэх
Ганц ширхэг ч болов эм олохсон
Гансарсан сэтгэлээ дарсаар номхруулчихаад
Гайгүй сайн эмчилэхсэн
Хорвоо ийм хатуу гэж бодсонгүй
Халуун сэтгэл ийм хурдан хөрнө гэж санасангүй

Thursday, August 16, 2007

Аягүйдвэл чи бас дурлачихаж мэднэ

Зүс таних залуу минь
Зүрх сэтгэлийг минь тэр чигт нь
Зүүсгэл чимгээ болгох гээгүй л юм бол
Зүгээр л надад хүслээ шивнэ би ойлгоно
Олон үгтэй оршил хэрэггүй
Онгонтож айлгүйтэх нас минь өнгөрсөн
Хөөрхөн юмаа гэж битгий хэл
Хөөрцөглөөд хүүхэд шиг онгирч мэднэ
Сайхан байлаа гэж бүү хэл
Сээтгэнэж дахин өдөж мэднэ
Дараа уулзана гэж бүү хэл
Дагаад гэрт чинь очино гэж даварч мэднэ
Утсаар эргээд залгана аа гэж бүү хэл
Уяарч догдлоод уйлж мэднэ
Өрөвдөж хайрлаад бүүр ч хэрэггүй ээ
Өөрийн болгоно гээд улайран зүтгэж мэднэ
Sexy байсан шүү гэж бүүр битгий хэл
Саваагүйтэж олон эр дээр туршиж мэднэ
Эгэлгүй сайхан юмаа гэж бүү хэл
Эмгэн болтлоо хайрлана гээд
Энэхэн биеээ мартчихаж мэднэ
Хайрлуулж өөртөө дурлуулах л гээгүй юм бол
Хамаагүй олон үгээр горьдлого бүү төрүүл
Тэртээ тэргүй би итгэхгүй
Тэнэгэрхэж хайр зарлаж гүйхгүй
Онцын хэрэггүй олон үг хэлхэж
Оргилсон хүслээ хашаад юу хийнэ
Араатны хүслээ хурдан номхоруулж аваад
Арилж үз эндээс үтэр түргэн
Аягүйдвэл чи бас дурлачихаж мэднэ

Wednesday, August 15, 2007

Бодол

Би бодоод л... мөрөөдөөд л ...
Бодол дотор бас бодол бодоод л ...
Эмх замбараагүй олон бодол
Эрээлжлээд л... эргэлдээд л...
Бодлоо би барьж авах гээд чадахгүй нь
Бодол минь надад баригдахгүй зовооно
Мөрөөдөөд л... мөнхийн үргэлжлээд л ...
Мөрөөдөлдөө хүрэх гэж би тэмүүлнэ
Мөрөөдөл минь надаас дэндүү хурдан юм
Тархи толгой минь эргэв үү
Танихаа байлаа би өөрийгөө
Танхилхан эрх охин л байсансан
Таагдахын аргагүй өөрчлөгдөөд байх шиг
Цаг хугацаа урсаад л...
Бодлоо би бугуйлдаж барихсан
Мөрөөдлөө би мөшгөж олохсон
Өөрийгөө би таньж мэдэхсэн
Өрөөл бусдад нээж дэлгэхсэн
Цээжиндээ хуралдах баяр гунигаа
Цэлийтэл нээж уртаар амьсгалахсан
Гадагшаа биш дотогшоо урсах
Гайтай энэ олон бодлуудыг
Боож багцлаад, ботилж түүвэрлээд
Өнгөрсөнд үлдээгээд
Бодоод суулгүй бодитой зүйл хийхсэн

Би бодоод л ....
Бодлууд хөвөрөөд л...
Амьдрал үргэлжлээд л...
Алаг дэлхий эргээд л...
Бодол дотор бодол хөвөрөөд л...

Бодох тусам би өөрөө өөрөөсөө
Бүүр холдоод л ....
Би ингэхэд хэн юм болоо ???
Яах гэж энэ орчлонд төрсөн юм болоо ???

Өөрийгөө оллоо

Таавар мэт энэ орчлонд
Тайлагдашгүй оньсого олон
Тэрний нэг нь би өөрөө
Энэхэн хорвоог таниж мэдэхээр
Эцэс төгсгөлгүй аянд мордоод
Эцэст нь өөрийгөө л оллоо би
Төрөх үхэхийн завсарт
Төөрөг заяа минь яаж зурагдсныг мэдэхгүй
Мэдэхийг ч хүсэхгүй
Мэдчихвэл амьдрал утгагүй болох биз
Ямар ч гэсэн би хүн
Ямархан хувь тавилангаар хүн болж төрөөд
Янзын энэ хорвоогоос яаж одохоо ч мэдэхгүй
Өөрөө өөрийгөө таньж мэдэхээр
Өчнөөн шөнийг бодолд уяж өнжлөө
Өөрөөн би өөртөө таагдашгүй таавар
Өрөөлийн тухай тэгэхээр бодох ч хэрэг байхгүй
Огтоос бодоогүй саваагүйтэл
Олби огтоно мэт гэнэтхэн
Ой ухаанаас минь урган гарч
Энд тэндгүй сэлгүйцэж
Эрчүүдийг өдөөн хатгаж эхлэхэд
Эмэгтэй хүн гэдгээ мэдэрлээ
Тэгэхээр яг одоо би өөрийгөө хүн
Хүн хүндээ эмэгтэй хүн гэдгээ л
Эргэлзэлгүй олж тогтоолоо

*****

Өнөөдөр чамтайгаа утасаар ярьлаа
Өөрийн эрхгүй хоолой зангираад
Халуун нулимас хацар даган урсаад
Хайрын үгс минь цээжинд
Хаашаа ч үгүй гацчихаад гарсангүй
Зүгээр л чамдаа эрхлэн туниад
Зүг чиггүй уйлаад л баймаар...
Чи минь намайг хачин их санасан гэнэ
Чичирэх хоолойны чинь өнгөнөөс би мэдэрсэн
Хэн хүнээс харамлаж байна гэнэ
Хэрвээ өөр хүнийх болбол
Хэнхдэгэндээ мэс хүргэнэ гэнэ
(Бурхан минь яаж тэгэж болох вэ!!!!!)
Хэрэггүй дээ хэрэггүй хайрт минь
Хэдэн үг хэлхэж хэн хүнгүй чулууддаг ч гэсэн
Хэнээс ч илүү чамайгаа хайрлаж
Хэнхдэг цээжиндээ зовиуртай явдаг шүү
Санасан сэтгэлээ саваагүй зангаар тайтгаруулж
Санаан зоргоор бурдаг ч гэсэн
Санааны минь үзүүрт ганцхан чи минь л байдаг шүү

******

Санаад л байх юм даа хайрт минь чамайгаа
Санахгүй байя гэж хичнээн бодовч
Саваагүйтэж өөр эрчүүдийг үгээр өддөг ч
Санааширч зүүдэндээ зүүдлээд л байх юм даа
Үнсэх уруулын чинь өнгө нь гундаагүй биз дээ янаг минь
Үгүйлэх сэтгэлийн чинь ир нь мохоогүй биз хонгор минь
Сар жилүүд хичнээн уртыг сая л ухаарлаа
Санасан сэтгэл яаж тэмүүлдгийг энд л мэдэрлээ
Утасаар надруугаа залга л даа
Уурлаж одоо загинахгүй ээ чамайгаа
Уярч догдолсон сэтгэлрүү чинь
Ус дахиад цацахгүй амлая
Хайрын үгээ нисгэ л дээ
Хайлан уяарч сонсмоор байна
Булбарай уруулын чинь амт амнаас минь салахгүй
Борхон зүрхний чинь цохилт чихнээс үргэлж уяатай
Жаргал амталсан үдшийн
Жаргалтай царай чинь нүдэнд харагдаад
Санаад л байх юм даа чамайгаа
Сар жилүүд яасан ч урт юм бэ дээ
Зориод чамдаа очие оо гэхээр
Зорилго минь намайг энд хүлээд байна
Эргээд чамдаа очие оо гэхээр
Эрмэлзэл хүсэл минь уяад байна аа
Утасаа нээгээд хүлээгээрэй
Уяхан хоолойг чинь сонсмоор байна
Аашилж ердөө ч загинахгүй ээ чамайгаа
Аяар аяархан аргадья даа чамайгаа
Наддаан хэрвээ гомдсон бол
Нанчиданд л битгий толгойгоо мэдүүлээрэй
Чамдаа би чинь дэндүү хайртай шүү
Чи минь ухаарч ойлгоорой

Friday, August 10, 2007

Чамтайгаа хурдхан уулзахсаан....

Санадаг шүү чамайгаа хачин их санадаг
Сайхан бүсгүйчүүд дэргэд чинь олон байгааг
Сайрхаж чамайг минь надаас булаахыг
Санаархаж дандаа бодож явдгийг нь санан
Сайхан чамайгаа хардан харамлан санадаг шүү
Холын холоос чамдаа тэмүүлсэн
Хосгүй сэтгэл минь дүүлэн ниснэ
Яг дэргэд минь байгаа юм шиг
Ялгуун сарыг атаархтал нялуурч
Янаг чамтайгаа уулзаж зүүдлэнэ
Удахгүй дээ удахгүй хоёул уулзана
Угтах ирээдүйг хамтдаа туулна
Санасан сэтгэлийн чинь сайран дээр
Нуур тогттол хоёул амраглана
Мөдхөндөө мөдхөн хоёул уулзана
Мөрөөдөл хүсэл минь тэгэхэд биелэнэ
Мөнгөн сарыг атаархтал үнсэлцэнэ
Хүлээсэн сэтгэлийн чинь цангааг тайлж
Хур болон чам дээрээ бууна би
Тунирхана даа чамдаа би тунирхана
Тунчиг удаан хүлээлгэсэнд чинь тунирхана
Туулсан зовлонгоо марттал чамдаа нялуурч
Тунгалаг сарыг атаархтал эзэмдэнэ чамайгаа
Эрхлэнэ дээ чамдаа би эрхлэнэ
Эрх танхил охинтойгоо барьцан
Энгэр цээжийг чинь булаалдан эрхлэнэ
Эрхсийн оддыг атаархтал амраглана чамтайгаа

Tuesday, August 7, 2007

Өдөөн хатгалаг хэ хэ

Хонгорхон залуу минь
Хонхыг минь дараад
Хоноод явья гэж надаас гуйгаач
Монгол хүн байна даа тэгэлгүй яах вэ гээд
Мэнд мэдэн чамайг оруулья
Мэнгэ төөрсөн амраг минь байж ч юуны магад
Эр хүнгүй айл уу даа гэж
Эргэлзэж тээнгэлзэлгүй надаас чи асуу
Ичингүйрэн байж чамд би
Илүү ч үгүй дутуу ч үгүй
Хачирхаж гоеж чимэлгүй
Хамаг амьдралаа чамд өчье
Энэ биеэнд минь тэгээд эзэн суух эсэхээ
Эрх биш чи өөрөө шийднэ биз ээ
Хаалга минь үргэлж нээлттэй
Хархүү чиний өмнө
Үүд минь үргэлж онгорхой
Үнэнч хайрын минь өмнө

Урмаар тэтгэ

Ганцаардсан сэтгэлээс минь гарсан үгс
Гайхширалыг чинь төрүүлсэн бол залуу минь
Гандаж өнгөө алдаж байгаа сэтгэлийг минь
Гал шиг бадраах урамын үгээр тэтгэвэл яасан юм бэ
Гарцаагүй тэр цагт чи миний
Гайхамшигтай үзэсгэлэн гоог
Гайхаж шагширах болно
Би сайн мэдэж байна


Сүүлийн үед далдыг хардаг болоод байгаа хэ хэ

Дурлал хайр минь би чиний эзгүйд

Дурлал хайр минь би чиний эзгүйд
Дугуй толины өмнө хичнээн эргэлдээд ч
Дур гутам царайнаас өөр юмгүй
Янаг хонгор минь би чиний эзгүйд
Яргуйн дэлбээгээр хичнээн гоёоод ч
Янзандаа нэг л өнгөгүй
Өнчин дэрэн дээр шөнөжин уйлаад ч
Бөлцийсөн нүд, баргар царайнаас цаашгүй
Ай даа хонгор минь би чиний эзгүйд
Атгахан зүрхэндээ найдвар тээсэн
Алагхан нүдэндээ гуниг хуралдуулсан
Хэн ч тоохооргүй хэдэн үг хэлхсэн
Хэнд ч тоогдохгүй матар царайтаагаараа дуудуулсан
Гундуухан нэгэн яваагаа мэднэ ээ
Гэлээ ч гэсэн чи минь наддаа нэг л өдөр
Гэрэл цацруулан хүрээд л ирнэ
Сайхан инээмсэглэлээр намайг мялааж
Санасан шүү гээд шуналтайя үнсэнэ
Яг л тэр мөчид хэний ч олж хараагүй
Хээнцэр гоо үзэсгэлэнг надаас олж харна чи
Дурлал хайртайгаа учирсан хүний
Дуусашгүй гоо үзэгэлэнг дуу алдан магтана
Үгүйлж түүнийг магтан дуулахаар үзэгээ шүүрнэ
Үнэндээ тэр цагт чамд үг дутана анд минь

Tuesday, July 31, 2007

Янагын болзоонд явмаар байна

Яг одоо би
Янагийн болзоонд явмаар байна
Хөнгөн хөгжмийн аянд бүжиглэж
Хөлийнхөө чилээг гаргамаар байна
Дарс ууж хөлчүүрээд
Дагаад гэрт чинь очмоор байна
Өмссөн хувцасаа бүгдийг нь тайчиж
Өмнө чинь би нүцгэлмээр байна
Борхон нүдний чинь цөцгийнд
Бүсгүй биеээ тольдмоор байна
Бахим гараар чинь илүүлж
Биеийнхээ барзгарыг арилгамаар байна
Ягаахан уруулаа чихэнд чинь шургуулж
Янагийн илдийг чинь хурцалмаар байна
Мээмнийхээ товчоор биеийг чинь шүргэж
Мэдрэлийнхээ судсыг цочроомоор байна
Эр сайхан биеэн дээр чинь
Эрвэйхээн бүжиг бүжмээр байна
Халуухан .... чинь хэвлийдээ мэдэрч
Хайрын дууг чангаар аялмаар байна
Бадарсан хүслийг чинь хуу номхруулж
Бал бурамыг чинь амталмаар байна
Бүхэл шөнөжин чамайг ноолж
Бүл чадлыг чинь шалгамаар байна
Яг одоо би янагийн болзоонд явмаар байна аа
Оршилыг нь залуу минь чи тавь
Өрнөлийг нь хоёулаа хамтдаа бүтээе
Төгсгөлийг нь харин надад даатгачих
Тэгсэндээ чи хэзээ ч харамсахгүй ээ

Миний бодрол-7

Шүүдэр мэт бөнжигнөх дусал нулимасыг минь
Ширүүн гараар ч болов хэн нэгэн арчаасай
Булиглан догдлох сэтгэлийг минь
Баргил хоолойгоор ч болов хэн нэгэн аргадаасай
Чинэрч бадайрсан бүсгүй биейиг минь
Чичирсэн гараар ч болов хэн нэгэн элбээсэй
Хүний нутагт хүрэн зүрхээ эгшээж явна аа
Хүсэл мөрөөдөл биелэнэ ээ гэдэгт
Хүүхэд зангаар итгэж л явна даа охин чинь

Миний бодрол-6

Залуу минь чи хувцасыг минь тайч
Замбараагүй ээ, зүгээр л тасдаад хая
Жаргал амтлахад минь тэр хэтэрхий саадтай юм
Булбарай гараараа би чиний хувцасыг тайчиж
Булиглах зүрхний чинь цохилтын тоогоор
Жаргал амтлуулья
Бүрэг ичимтгий зангаа бүр мөсөн энд гээгээд
Бүсгүй биеээ шатааж
Бэрд мэт аашлая аа
Ханхар сайхан цээжин дээгүүр чинь
Харцаа биш уруулаа аялуулья
Халуун янаг үнсэлтийг
Хамаг биеэнд чинь шингээж орхие
Энэхэн биений минь чи
Эс бүхэнд шингэн ороод
Эрдэнэ болсон бал бурмаараа
Ивээн тэтгээч намайг
Хоёр нүцгэн биений
Хосгүй гайхамшгийг бүрдүүлж
Уулзаж болох бүхнээ уулзуулан
Уудам хорвоогийн хаа нэгтээ
Уусан одьё хоёулаа

Monday, July 30, 2007

Миний бодрол-5

Өнөөдөр би
Өр зүрхрүүгээ ус цутгалаа
Хав халуун цус биш
Хахир хүйтэн ус цутгалаа
Хаа хамаагүй юманд өвтгөж шаналгадаг
Энэ муу зүрх
Харин өнөөдөр огтхон ч өвдөхгүй, шаналахгүй
Болдог л юм болоод өнгөрсөн шиг
Болчимгүй энэ сэтгэл ч огтхон ч хөдлөхгүй
Өөрөө өөртэйгөө тэрсэлдсэн
Өөдгүй энэ муу сэтгэл зүрхийг
Өвтгөж зовоомоор байна
Өнөөдөр цаг нь биш бололтой

Миний бодрол-4

Амьдрал чи атгахан зүрхэнд минь багтамгүй
Айхтар их ачааг ар араас нь илгээх юм
Заримдаа тэр ачаа нь Хөнгөдөөд
Зөрөөд хол явчих юм зорисон газраасаа би
Хааяа тэр ачаа нь Хүнддээд
Хаашаа ч үгүй гацчих юм би
Амьдрал чи
Энэхэн биеэнд минь яв цав таарсан
Эгэлхэн ганцхан ачааг
Илгээж даан ч болохгүй гэж үү, Гуйяа

Sunday, July 29, 2007

Миний бодрол-3

Өнөөдөр би дарс уумаар байна
Өнийн бодлуудыг тогойноосоо авч хаяад
Зөвхөн өөрөө өөртэйгөө хамт
Зөрчилдөж жаахан суумаар байна
Дарс чи даруухан зүрхийг минь дарь мэт асааж
Давтагдашгүй ганцхан сэтгэлийг минь
Хоёр хэсэгт хуваажБие биенийх нь өмнөөс тухирч
Бие сэтгэлээр минь наадах юм
Гэхдээ чи гэгэлзэх сэтгэлийн минь үзүүрт
Гэнэн бодлуудын минь угт
Ганцхан уяатай байдаг
Гал шиг хайрын минь үгийг
Гаргаж хараахан чадахгүй ээ

Миний бодрол-2

Холын холд одохсон
Хоёргүй сэтгэлээр амьдрахсан
Хонгорхон чамайг сэтгэлээсээ
Ховх сорж гаргахсан
Бодол бодлын үзүүрт
Бодогдоод л байх юм даа
Богинохон шөнийн зүүдэнд минь
Зүүдлэгдээд л байх юм даа
Ямархан хувь тавилангаар
Учирсан юм бол доо чамтайгаа
Янаг сэтгэлийн минь угаас
Салж л өгөхгүй зовоох юм
Хүний орчлонд төрсөн
Хүүхэн заяандаа гомдох уу
Ханьтай байж дасгасан
Хархүү чамд гомдох уу
Эмэгтэй болж төрсөн
Энэ л заяандаа гомдох уу
Эрхгүй хайрыг минь татсан
Энхрий чамдаа гомдох уу
Үүлэн чөлөөний нар шиг
Үзэгдээд л өнгөрөх сэтгэл байж
Үнэн сэтгэлээр хайрлах гэж
Өөрийгөө зовоохоо болихоос доо
Сэтгэл сэтгэлийнхээ гүнд
Сэм сэмхэн бодоод
Сэрүү татсан үдшээр
Хаяа нэг үгүйлээд л
Угтах ирээдүйгээ хараад
Урам зоригтой амьдрана аа одоо

Миний бодрол-1

Бөмбөрцөгийн нөгөө талд л болохоос биш
Бүх юм адилхан байна энд
Амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжилж
Алд бие зовдогоороо л зовж
Аяга хоол
Алд биеэ далдлах хувцасны төлөө
Ажлын мал шиг зүтгэдэгээрээ л зүтгэж байна хүмүүс
Хачин уйтай өдөр хоногууд өнгөрч
Хайран залуу нас минь энд зэвэрч байх шиг
Хэрэгтэй юм хийж байна даа гэж бодовч
Хэрэглэчихмээр юм даанч толгойд орохгүй
Хэдхэн зоосны төлөө халуун залуу насаа
Хэтэрхий гамгүй зориулж байна уу даа
Харин хөгширсөн хойноо тэр хэдэн зоосоороо
Хонгорхон залуу насаа худалдаад авчихнаа гэж
Хий хоосон мөрөөдөх л үлдэх вий дээ