Saturday, December 15, 2007

Цав цагаахан цаснаар
Цангинасан инээд цацруулан
Алхаж байна гэж зүүдэллээ
Хажууд минь хайртай тэр минь
Ханхар цээжээрээ наланхан
Хорвоогийн хамаг жаргалыг
Хонгорхон зүрхэнд минь шивнэн
Хөтлөлцөнхөн алхаж байна гэж зүүдэллээ
Амьдралын яг л тэр агшинийг
Ялгуун зүүдэндээ би яг хэвээр нь үлдээгээд
Өнгөт орчлонгийн нэгээхэн зайд
Өнчин ганцаар сэрлээ
Үгүйлэх их орчлонгийн өчүүхэн зайд
Үнэн гэж хэрвээ байдаг бол
Уугаас хайртай түүнтэй минь
Уулзуулж өгөөч намайг гэж
Шинэхэн орсон цасны
Ширхэг бүрт нь би хүслээ
Шивнэж орхимоор санагдлаа

Хэзээ нэгэн цагт хоёуулаа
Хөтлөлцөнхөн алхах болноо
Чи минь л хүлээ
Хэврэг цасан тэгэхэд
Хайлсан байх болноо, тэр цагт
Харин зүрх минь чамайгаа
Хайрласаар байх болноо
Чи минь итгээрэй

Saturday, December 8, 2007

Чи минь наддаа ирээч дээ

Амраг минь наддаа ирээч дээ
Алагхан зүрхийг минь догдлуулаач дээ
Аяншиж туйлдсан биенд минь
Амтат дарсаа зутгаач дээ
Алдрай багахан насанд минь амжиж
Аугаа хайрыг мэдрүүлээч дээ

Хонгор минь наддаа ирээч дээ
Хосгүй жаргалыг бэлэглээч дээ
Хөнжлийн минь сэжүүрийг сөхөөд
Хөнгөн гунигийг минь хийсгээч дээ
Хүүхэн хонгор биеийг минь
Хөндөж, эзэн суугаач дээ

Би чамайгаа мэдрэхийг хүсэж байна
Бие сэтгэлээ эзэмдүүлэхийг хүсэж байна
Бүлээн амьсгалд чинь дулаацахыг хүсэж байна
Бүхий л биеэрээ шатахыг хүсэж байна аа

Чи минь наддаа ирээч дээ
Чихэнд минь хүслээ шивнээч дээ…….