Friday, January 11, 2013

Бяцхан үр минь шүлэг бичиж ээжийгээ уйлууллаа

Санаандгүй байтал бяцхан охин минь шүлэг бичиж ээждээ уншиж өгснөөр миний бараг л мартаад байсан блогоо, бичсэн элийрлүүдээ эргэн дурсах боломж гарлаа. Олон жил ээжээсээ хол байж ухаан сууж яг л том хүн шиг болсон охин минь ингэж бичжээ.

Ээжийн бүүвэй
Энэхэн биеийг минь төрүүлж өсгөсөн
Эелдэг ээж минь дуулж байна
Энхрий үр минь унт даа гэж
Эгэлхэн аялгуугаа гаргаж байна
Унтах нойрыг минь бөх болгож
Уудам орчлонг уяраан дуулж байна
Уужим сэтгэлдээ надад
Унтаарай гэж хэлэж байна
Саруул биеийг минь өсгөж хүмүүжүүлсэн
Сайхан ээж минь дуулж байна
Хөөрхий үр минь унт даа гэж
Хацар дээр минь үнсэж байна
Зүүдлэх зүүдийг минь гүн болгож
Зүрхийг минь уяраан дуулж байна
Зөвхөн надад зориулсан юм шиг
Зөөлөн зөөлөн бүүвэйлж байна
Дахиад нэг жил хамт байчихвал таньтайгаа хамт байсан, байгаагүй жилүүд маань тэнцлээ, тэгээд л хамт байсан жил нь олон болоод ирэхээр санасан санаа маань гарч эхлэнэ гэж яриад инээд эгдүү хүргэн хажуунаас минь салах дургуй бяцхан үр минь шүү дээ. Ээж нь уйлахгүй байж чадсангүй ээ.

1 comment:

ZAYA said...

Сайн байна уу?
Охин нь яруу найрагч болж, ээж нь сэрж байна уу?
Яасан хөөрхөн бичээ вэ?